Хятад ченжийн амийг хөнөөж, орчуулагчийг нь хүчиндсэн онц ноцтой хэрэг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-12-07 19:53:52
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутагт хятад иргэний амийг хөнөөж, орчуулагч эмэгтэйг нь хүчиндсэн хэрэг энэ сарын 04-ний өдөр гарчээ. Тодруулбал, махны ченж хийдэг БНХАУ-ын иргэн орчуулагч, өвөрмонгол эмэгтэйн хамт Бунхны 80 айл дахь түрээсийн байрандаа байх үедээ халдлагад өртсөн байна. 22-24 насны дөрвөн залууг дээрх онц ноцтой хэргийг үйлдсэн хэрэгт сэжиглэн баривчлаад байна.  
Түүнчлэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ хэрэг 12-р сарын 04-ний орой 21 цагийн орчимд гарсан, амиа алдсан хятад иргэн их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явж байснаас үүдэн сэжигтэн этгээдүүд түрээсийн байранд нь дайран орж дээрэмдэн, амийг нь хөнөөсөн гэж үзэж байна.
Хэрэг гардаг орой тус аймгийн Цагдаагийн газарт хятад дугаараас дуудлага өгснөөр шуурхай бүлэг цаг алдалгүй ажиллаж, Бунхны 80 айлаас зүүн урд зүгт холгүй орших Хэрлэн гол орчмоос амиа алдсан хятад иргэний цогцсыг олсон байна.
Ойр орчмын оршин суугчдын ярьж байгаагаар сэжигтэй чимээ шуугиан сонсогдоогүй, амиа алдсан хятад иргэн олон жилийн турш Дорнод аймагт наймаа арилжаа хийж байсан нэгэн гэв.   
Одоогоор УМБГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг сэжигтнүүдийг саатуулан шалгаж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ