42 улсын визгүй зорчих нөхцлийг цуцална

Монголын мэдээ
gantuya@montsame.mn
2015-11-17 18:40:04

Гадаад хэргийн яамны “Хэвлэл мэдээллийн цаг” ээлжилт уулзалт өнөөдөр болж, тус яамны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин, Консулын газрын захирал Б.Болд, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны ахлах албан тушаалтан Л.Оргил нар оролцож мэдээлэл өгөв.

Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д  хийсэн төрийн айлчлал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНИУ-д хийсэн албан ёсны айлчлал, Люксембургт АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон дүнгийн танилцуулсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлал нь таван жилийн дараах Ерөнхийлөгчийн түвшний айлчлал болсноороо мөн иж бүрийн стратегийн түншлэлийн харилцаагаа тунхагласнаас хойшхи анхны айлчлал болсноороо онцлог байсан. Энэ үеэр нийт 10 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Парист террорист халдлага болоод удаагүй байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг цуцлаагүй гэдгийг мөн өнөөдөр онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхлэх бөгөөд айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргах юм. Түүнчлэн Францын сенатын ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахаар төлөвлөжээ. Айлчлалын хүрээнд Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын хэд хэдэн санамж бичиг, хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.   

Энэ сарын 30-ны өдөр Парис хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулганд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцохоор болж буй нь үүний нотолгоо бөгөөд энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм.

Мөн өнөөдөр 2016 онд Монгол Улсад болох АСЕМ-ын (ASEM—Asia-Europe Meeting) Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар танилцуулав. 53 орны өндөр түвшний төлөөлөгч оролцох энэхүү хурлын аюулгүй байдлыг хангах асуудал бэлтгэл ажлын чухал хэсэг юм. Энэ хүрээнд жуулчдыг татах зорилгоор 42 улсын иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах тухай шийдвэр энэ оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болж буйг мэдээлэв. Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх, аялал жуулчлалын эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх  чиглэлээр авч хэрэгжүүлсэн энэхүү арга хэмжээ үр өгөөжөө төдийлөн өгч чадаагүй талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ