Л.Ганболд:Хөвсгөлд ямар ч алтны хайгуулын зөвшөөрөл олгоогүй, олгох ч үгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Сүүлийн үед “Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын V хуралдаанаар 2018 онд алтны хайгуул хийх шийдвэр гаргасан байна. Уул уурхайн хайгуул хийхээр ирэх оны төсөвт 120 сая төгрөг баталжээ. Иймээс Хөвсгөлийн онгон дагшин байгаль, Хүнхэр тайга аюулд ойрхон байна” гэсэн мэдээллүүд цахим мэдээллээр гарч байгаа тул энэ тухай Хөвсгөл аймгийн Засаг даргаас тодрууллаа.
-Цахим мэдээллээр Хөвсгөлийн онгон дагшин уул, усанд аюул нүүрлэх гэж байна. Ирэх оноос алтны хайгуул хийхээр боллоо. Энэ хайгуулыг хийхийн тулд төсөвтөө 120 сая төгрөг тусгалаа” гэсэн мэдээлэл олны анхаарлын төвд байна. Яагаад энэ мэдээлэл олон нийтэд цацагдах болов. Энэ тал дээр тодруулаач ?
-Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг авсанаас хойш нэг жил дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу хуулийн хүрээнд ИТХ-аас шийдвэр гаргуулсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг эрэн хайж олборлохын тулд ажлын хэсэг гаргаж судалгаа хийлгэж байна. Өөрөөр хэлбэл урд өмнө олборлож байсанд нь хяналт үнэлгээ давхар хийлгэж байгаа юм. Ирэх 2018 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд 50-р өргөрөгөөс урагших газар нутаг дээрээ түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөцийн судалгааг бүрэн гаргах зорилготой ажиллаж байна. Гэвч улс төрийн зорилгоор цөөн тооны хэдэн хүмүүс иргэдэд буруу мэдээлэл өгч, мөн дээрээс нь Хөвсгөл аймгийг муухай харагдуулах гэсэн ийм явцуу увайгүй үйлдэл гаргаж цахим ертөнцөөр олон нийтэд цацаж байгаад маш их харамсаж байна. Би аймгийн Засаг даргын хувьд Хөвсгөлд ямар ч алтны зөвшөөрөл олгоогүй, олгох ч үгүй, дэмжихгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. 2017 онд хоёр санал ирсэн би татгалзсан. Миний бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд ил тод нээлттэй байгаа. Миний бие хуулиас давж гишгэх эрх байхгүй. Намайг санаатайгаар гүтгэх гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрсэн тул би хуулийн байгууллагад шалгуулахаар албан ёсоор өнөөдөр хандсан.
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөцийг яагаад судлахаар болов ?
-Би ажлаа авсанаас хойш өнөөдрийг хүртэл тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхдээ аймаг орон нутгийн орлогыг нэмэгдүүлэхгүй бол орлого олж болох олон боломжийг алдаж байна гэдгийг олж харсан. Энэ орлогыг төвлөрүүлэхэд зайлшгүй бид энэхүү судалгааны иж бүрэн бодлогын бөгөөд мэргэжлийн байгууллагын дүгнэлт зайлшгүй шаардлагатай байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөцийг бүрэн бий болгож ямар тархацтай нөөцтэй байна, ямар боломжтой байна гэдгийг мэргэжлийн болон холбогдох байгууллагаар хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр бид хайрга, дайрга, улаан шавар, элс, боржин чулуу зэргийг хуулийн хүрээнд оногдсон үүргийнхээ хүрээнд нөөцөө тогтоох нь чухал байна. Ирэх онд бид “Хоймор нутгийн чулуу” гэсэн чулууны үйлдвэр ашиглалтад оруулна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр бий болж иргэдийн орлого нэмэгдэнэ. Гэвч энэ байгууллага ашиглах ямар нөөцтэй, хэдэн жил ажиллах боломж байна гэхээр авч үзэх мэдээлэл судалгаа алга байна. Өнөөдрийг хүртэл Хөвсгөл аймагт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалттай холбоотой зөрчлүүд маш их гарсан. Зам барих, барилга байгууламж барих, бүтээн байгуулалт зэрэгт гэж хэлж болно.
- Цахим мэдээллээр таныг хууль зөрчсөн гээд байдаг. Гэтэл та хуулийн хүрээнд ажиллаж буйгаа тайлбарлалаа. Хэрвээ Засаг дарга хууль зөрчвөл ажлаа хүртэл өгөх эрх зүйн үндэс байгаа шүү дээ.
-Тиймээ. Би хууль зөрчсөн бол шууд ажлаас чөлөөлөгдөх үүрэг хүлээнэ. Бид Хөвсгөл аймгийнхаа 2030 он хүртэл хөгжих “Хөгжсөн Хөвсгөл” гэсэн урт хугацааны хөгжлийн хөтөлбөрөө батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр аймгийн Засаг даргын болон төрийн байгууллагын удирдлагуудын арга хэмжээ юм. Худал мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг энэ урт хугацааны хөтөлбөрийг уншаад мэдээлэл, мэдлэгтэй болооч гэж хүсмээр байна. “Хөгжсөн Хөвсгөл” хөтөлбөрт Хөвсгөл аймгийн алсын харааг “ Хүрээлэн буй орчиндоо ээлтэй, оюунлаг, хүнлэг иргэдтэй жаргалтай гэр бүлтэй хөгжсөн Хөвсгөл аймгийг бий болгоно” гэж тусгасан байгаа. Энэ л бодлогын бичиг баримтандаа тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөн судалж хуулийн хүрээнд хоймор нутгийнхаа хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж байна гэдгээ хэлмээр байна.
Б.Гантуяа