Гүржийн Ерөнхийлөгч асан М.Саакашвилийг цагдан хорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-09 12:52:38
КИЕВ. /Ройтерс/. Гүржийн Ерөнхийлөгч асан бөгөөд Украины Одесс мужийн захирагч байсан Михаил Саакашвилийг Киев хотоос баривчилж, цагдан хорин төвд хорьсон тухай Украины Ерөнхий прокурор мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

М.Саакашвили нь Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн эсрэг олон жагсаал цуглааныг удирдан зохион байгуулсан юм.

“Украины түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Виктор Януковичтой холбоотой гэмт хэргийн бүлэглэлээс санхүүжилт авч, хүмүүсийг өдөөн турхиран жагсаал цуглаан зохион байгуулсан” гэх үндэслэлээр энэ долоо хоногийн мягмар гарагт Украины Аюулгүй байдлын алба болон Ерөнхий прокурорын газрын алба хаагчид М.Саакашвилийг баривчлан саатуулаад байсан юм. Гэсэн хэдий ч олон зуун дэмжигч нь тусгай албаны автомашинаас түүнийг чөлөөлөн авсан билээ. Үүний дараа нь тэрбээр “Украины Ерөнхийлөгч П.Порошенкод итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах”-ыг шаардсан жагсаал цуглааныг дахин зохион байгуулсан. Энэ жагсаалын дараа Украины холбогдох албаны хүмүүс түүнд өөрийн биеэр ирж байцаалт өгөх 24 цагийн хугацаа өгсөн ч тэрбээр заасан хугацаанд очоогүй учир өчигдөр түүнийг баривчлан саатуулсан байна.

Украины Ерөнхий прокурор Юрий Луценко мэдэгдэхдээ “М.Саакашвилийг баривчилсан нь Украин дахь Кремлийн талыг баримтлагчдын өшөө авалтын төлөвлөгөөг таслан зогсоох ажиллагааны нэг хэсэг юм” гэжээ.

Хэрвээ гэмт хэргийн бүлэглэлээс санхүүжилт авч, олон нийтийг өдөөн турхиран жагсаал зохион байгуулсанд гэм буруутай нь тогтоогдвол М.Саакашвилид тав хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй. Гүрж улс мөн түүнийг авлигын хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд шилжүүлэн өгөхийг Украины талаас хүсэж байна.

Өдгөө 50 настай М.Саакашвили нь 2004-2013 онд Гүржийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Ерөнхийлөгчийн суудлаас буусныхаа дараа тэрбээр Украинд шилжин очиж, тус улсын өмнөд нутгийн Одесс мужийн захирагчаар /2015 оны 5 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын хооронд/ ажиллаж байсан юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ