Б.Буянжаргал: Тархины далд нөөцөө бүрэн ашигладаг болоход сампин тусалдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-12 20:34:20
Баянхонгор /МОНЦАМЭ/ Тояа Хүүхэд Хөгжлийн Академийн Баянхонгор дахь салбарын захирал, Соого-Сейкео ахлах сургуулийн багш Б.Буянжаргалтай хүүхдийн тархины хөгжлийн талаар ярилцлаа. Түүний таван шавь Малайз улсын Куала-Лампур хотноо 12 дугаар сарын 7-9 хооронд зохион байгуулагдсан цээж тоолол, хурдан бодолтын олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл цомын эзэд болсон юм.
    -Таны шавь нар хурдан бодолт, цээж тооллын олон улсын тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Сүүлийн тэмцээний талаар тодруулаач.
-За баярлалаа. Жил бүр  дэлхийн 60 гаруй орон нэгдсэн олон улсын тэмцээн уламжлал болон өөр оронд зохиогдож ирсэн. Саяхан монголоос 78 хүүхэд Малайз улсын Куала-Лампур хотноо 12 дугаар сарын 7-9 хооронд олон улсын тэмцээнд оролцлоо. 62 орны 8500 орчим сурагч цээж бодолт, хурдан бодолтын олон улсын тэмцээнд оролцсоноос Гранд чемпион нэг, Чемпион хоёр, Алтан цом 17, мөнгөн цом 27, хүрэл цом 20 тус тус хүртсэн амжилтыг үзүүлж, дэлхийд чансаагаараа Гуравдугаар байрт шалгарсан сайхан амжилтыг үзүүлээд байна.
Баянхонгор аймгийн оюуны чадамж салбараас оролцож байгаа таван шавь маань бүгдээрээ амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл цомын эзэд болж, оюуны чадвараа үнэлүүллээ. Монгол хүүхдийн оюуны чадамж, сэтгэлгээний хурд сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд гайхалтай байгаагийн нэг жишээ гэж бодон баярлаж бахархаж сууна даа.
       -Таны хувьд боловсролын салбарт хэчнээн жил багшилж байгаа вэ?
-Би боловсролын байгууллагад тасралтгүй 27 дахь жилдээ ажиллаж байна. Одоо Соого-Сейкео сургуульд багшлахын хажуугаар, аймгийн Соробан сампингийн салбарын менежерийн үүрэгт ажлыг жилийн өмнөөс хийж эхэлсэн. Тархины хөгжлийн хурдасгуул–Соробан нь сампин тоо биш, математик биш, хүүхдийн баруун болон зүүн тархийг зэрэг хөгжүүлж, тэнцвэржүүлж өгдөг, олон улсад хүрээгээ өргөжүүлж байгаа сургалт.
2008 онд энэ чиглэлийн салбар маань анх нээгдэж, 2014 онд өргөжин “Дэлхийн Зөн” ОУБ, Ерөнхий боловсролын сургууль, Боловсрол, соёл урлагийн газрын  хамтарсан гэрээний дагуу ЕБС-ийн 17 багшид гурван жилийн гэрээтэйгээр заасан. Өнөөдрийг хүртэл баруун зүүн тархийг хөгжүүлэх сургалтын чиглэлээр ажиллаж, шавь нар маань үндэсний аваргын тэмцээн, намрын нээлттэй уралдаан, олон улсын тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байгаа нь энэ  салбарыг аймагтаа хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг улам тэтгэж, боломж бололцоог олгож байна гэж харж байгаа.
     -Заах аргын тань онцлог юу вэ?
-Хүүхэд нэг бүртэй тулж ажиллан, хичээлээ аль болох сонирхолтой, уйдаахааргүй байхад анхаардаг. Бидний хамтран ажилладаг UCMAS олон улсын боловсролын байгууллага нь сампингаар хичээллэдэг 60 гаруй орны хүүхдүүдээс долоон жилийн судалгаа хийж үзээд “Энэ бол тоо биш, математик биш” хэрнээ хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг сургалт гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Баруун гарын таван хуруугаар тоо бодоход зүүн тархины таван цэгт, зүүн  гарын таван хуруугаар тоо бодоход баруун тархины таван цэгт үйлчилж, тархины тэнцлийг хангаж өгснөөр хүүхэд амархан сурч, хичээлдээ тархины нөөцөө ашиглаж амжилттай суралцдаг.
Дууг өдөрт нь амархан сурдаг нь хүн зүүн тархиараа үгийг тогтоож, баруун тархиараа аяыг нь тогтоодогтой холбоотой. Хүүхдүүд баруун тархиндаа сампингаа төсөөлж, зүүн тархиндаа тооцоолон бодож тархины нөөцөө илүү ашигладаг. Энэ мэтчилэн соробан сампингаар суралцагч хүүхдүүд  хичээлдээ хоцрогдолгүй болж, сурах сонирхол нь идэвхждэг.
     -Шавь нарынхаа амжилтын талаар дурдахгүй юу?
-Үндэсний аваргын болон олон улсын тэмцээнд манай аймгийн суралцагч багачууд 3-14 насны ангилалд 2012 оноос  жил бүр амжилттай оролцож ирлээ. 2015 онд Үндэсний аваргын тэмцээнд найман сурагч оролцсоноос хоёр мөнгө, нэг хүрэл медаль, 2016 онд 22  сурагч оролцсоноос дөрвөн мөнгө, 2016 оны “Намрын нээлттэй тэмцээн”- д 37 сурагч оролцсоноос гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан бол мөн ондоо Арабын нэгдсэн Эмират улсад болсон тэмцээнээс дэлхийн аваргатай болсон. Сүүлийн тэмцээний амжилтыг дээр дурдсан байгаа.
     -Тояа хүүхэд хөгжлийн төв хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Сургалтын төвд орон нутгийн хүүхдүүд хэр идэвхтэй хамрагдаг вэ.
- Монголын Хүүхэд Залуучуудын Соробан сампингийн  ТОЯА академи нь дэлхийн 60 гаруй орныг нэгтгэсэн UCMAS олон улсын боловсролын 11 байгууллагатай хамтран ажилладаг. Манай Академи хөдөө орон нутгийн  18 аймаг, Улаанбаатар хотын 10 дүүрэгт салбараа нээж,  маш үр дүнтэй гайхамшигтай сургалтыг хөгжүүлээд 10 жилийн нүүрийг үзэж байгаа. 
Манай Баянхонгор салбар 4-14 насны хүүхэд багачуудад хоёр ээлжинд  60 гаруй сурагчидтай хичээллэдэг. Соого-Сейкео сургууль дээр тусгай Соробан сампингийн гүнзгийрүүлсэн дугуйлан хичээллээд тав дахь жилээ болж байгаа. 6дугаар цэцэрлэг, Баян-Ойт цэцэрлэгүүд сургалтыг өөрийн анги танхимдаа урьж явуулдаг. Эцэг эхчүүд Соробаны сургалтын ач тусыг мэдэрдэг болсон болоод ч тэр үү байнга асууж судлан, хүүхдээ хамруулах хандлага ихэссэн байгаа. Зуны сургалтанд хөдөө сумдаас олон хүүхэд хамрагддаг. Энэ үед ачаалал ихтэй, багшийн дутагдалтай болж ирдэг. Сүүлийн үед  хөдөө орон нутагт энэ сургалтыг авах санал тавигдаж байгаад баяртай байна.
Орон нутагтаа олон улсын сургалтыг хөгжүүлэх хүсэл мөрөөдөл, тэмүүлэл их байна. Дорнод аймгийн салбар маань Соробан саипингийн сургалттай Бага сургууль болтлоо өргөжсөн талаар туршлага судлаад ирсэн. Соробанаар хичээллэсэн хүүхдийн сурч мэдэх чадвар өндөр, хоцрогдол гардаггүй нь туршлагаар батлагдаад байгаа.
     -Танай сургалтаас хүүхдүүд хурдан бодолт, цээж тооллоос гадна юуг мэдэж сурдаг вэ?
-Цээжээр бодох, хурдан бодох гэдгийн цаана хүүхдийг чадваржуулаад байгаа арга зам нь сампиндаа байгаа юм. Сампингаар тоо бодож чадахгүй хэн байх вэ гэдэг. Юу ч мэдэхгүй 4-5 насныхан нэг оронтой тоог цээжээр,  2-3 оронтой тоог сампингаар бодоод тоогоо бичээд эхэлдэг. Багаасаа сураад тууштай явбал үр дүн нь илүү харагддаг. Олон улсад явсан хүүхдүүдээс зургаан наснаасаа хичээллэсэн хүүхэд ч байгаа. Мөн унших, бичих, харах, төсөөлөх гээд оюуны олон чадамжийг зэрэг хөгжүүлдэг. Тархины нөөц агуу, түүнийг л илрүүлдэг гэж болно. Би өөрийн дааж авсан ангиа нэгдүгээр ангиас Соробаны сургалттай хослуулан ажилласан. Энэ хугацаанд Баянхонгор аймгийн Унших чадварын олимпиадад гурван жил дарааллан түрүүлсэн. Энэ суурь нь соробан сампингаар хичээллэж байсантай шууд холбоотой.
     -ЕБС ийн хичээлийн мэдлэг, сургалтын мэдлэгийн ялгаа гардаг уу?
-ЕБС-ийн хичээлийг амжилттай сурах суурь гэж болно. Хоцрогдолтой сурч байгаа хүүхдүүд ирээд наад зах нь сурах хүсэл нь илүү хүчтэй төрдөг. Зөв сууж, анхаарлаа төвлөрүүлж сурснаар суралцах чадварт ахиц гардаг шүү.
Материал дээр ажиллах, сонсох, анзан, флаш анзан, хурдан бичлэг, хурдан уншлага зэрэг оюуныг хурдтайгаар, идэвхжүүлэх чиглэлээр заадаг. Эдгээр аргазүйг ЕБС-ийн арга зүйтэй хослуулан, уялдаа холбоотой заахад ямар ч ялгаа байхгүй. Хүүхдийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх нэг л зорилготой шүү дээ. Харин ч ЕБС-д хоцрогдол гэж байхгүй болно.
    -Тояа сургалтын хичээлийг ЕБС-д заах боломжийг судалж үзсэн үү. Сургалтын хөтөлбөрт оруулах боломж байдаг болов уу?
-Энэ асуулт их сонирхолтой, бидний цаашдын зорилгыг тодорхойлсон юм шиг санагдаж байна. Олон улсад үр дүнгээ өгөөд эхэлчихсэн соробаны сургалтыг монголд хөгжүүлээд, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулж яагаад болохгүй гэж.
      -Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх үндэс нь юу байдаг вэ? Бас огт сурдаггүй, сэтгэх чадвар нь хөгжихгүй хүүхэд гэж байх уу?
-Соробан сампин нь 12 түвшинтэй. 3-14 насны сурагчид хамрагдан суралцдаг. Соробанаар хичээллэсэн таван настай хүүхдийн тархины хөгжил нь 10 настай хүүхдийн ухаантай дүйцэхүйц болтлоо өндөр хэмжээнд хөгждөг учраас аль болох багаас нь соробанаар хичээллүүлэх нь үр дүнтэй. Соробаны эрх нь бодитоор үйлдлийг хийлгэдэг тул,  хүүхэд сонирхолтой болж төсөөлж эхэлдэг. Мөн гарын мэдрэмж нь уураг тархинд шууд нөлөөлдөг бөгөөд хүний гар бол гадагш гарсан уураг тархи юм. Соробанаар хичээллэснээр хүний сэтгэн бодох, бичих, сонсох, төсөөлөх, хурдтай байх  оюуны чадварууд зэрэг төлөвшдөг тул хоцрогдол гэж байдаггүй. Анхаарал төвлөрөх чадвар, ой тогтоолт, төсөөлөн бодох, мэдээлэл боловсруулах, тэвчээр хатуужил, хурдан сонсох, хурдан унших чадварууд зэрэг хөгждөг.               
Сампингаар хичээллэдэг хүүхдүүд тархины далд нөөцөө илүү ашиглаж, оюуны хурдтай, зорилготой болж эхэлдэг. Бид баруун, эсвэл зүүн тархины аль нэг нь давуу хөгжсөн хүүхдэд хичээл заадаг. Хоёр тархиа зэрэг ашиглах боломжийг Соробаны сургалтаар эзэмшдэг.
      -Цаашид ямар зорилт тавин ажиллаж байна?
-Дэлхий нийтэд асар хурдтай хөгжиж буй Соробан сампингийн сургалтыг аймаг орон нутагт хөгжүүлэх зорилгоор салбарууд байгуулагдаад байгаа. Үүнд орон нутгийн дэмжлэг туслалцаа, сурталчилгаа маш чухал байна. Оюуны хөгжлөөр орон нутгийн хөгжлийг ч тодорхойлж болно. Энэ чиглэлээр манай аймгийн удирдлагууд их зүйлийг санаачилж байдаг. Олон хүний хөдөлмөрийн үр дүнд илүү амжилтанд хүрнэ.
Одоо Соробаны сургалтын ач холбогдлыг судлаад, хөдөө орон нутагт хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх тал дээр туслалцаа авмаар байна. Энэ чиглэлийн бага сургууль байгуулаад үр дүнг нь харсан ч бүрэн боломжтой шүү дээ.
                                                                                                                      Б.Мөнхзул
Холбоотой мэдээ