Монгол Улс IDEA-г ирэх онд даргална

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2015-11-18 13:48:50

Шведийн Стокгольмд төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн-IDEA /АСТОУХ/ олон улсын байгууллагыг Монгол Улс 2016 онд даргална. 

АСТОУХ нь сайн засаглалыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Шведийн Стокгольм хотноо төвтэй олон улсын байгууллага юм. Монгол Улс тус хүрээлэнд 2011 онд гишүүнээр элссэн бөгөөд 2013 онд зохион байгуулагдсан гишүүн орнуудын Зөвлөлийн 22 дугаар хуралдаанаас Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 

Тус хүрээлэнг 2016 онд Монгол Улсаар даргалуулах шийдвэрийг Ботсван Улсын нийслэл Габароне хотноо 2014 онд болсон АСТОУХ-ийн гишүүн орнуудын Зөвлөлийн 23 дугаар хуралдааны үеэр гаргасан. Харин энэ сарын 25-27-нд Швейцарийн Берн хотноо болох АСТОУХ-ийн ээлжит чуулганы Монгол Улс уг үүргийг албан ёсоор хүлээн авах гэж байна. 
Монгол Улс нь энэ бүс нутагтаа ардчиллын сайн туршлагатай, ардчилалд үлгэр жишээ шилжсэн гэж өөрсдийн туршлагаа хуваалцахад ихээхэн хүчин чармайлт гарган ажилладаг. Тухайлбал АОХН-ын Сайд нарын 7 дугаар бага хурал, Ардчилсан болон шинээр сэргээн тогтоосон улс орнуудын 5 дугаар бага хурлыг бүс нутагтаа зохион байгуулсан, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Ази, номхон далайн бүс нутгаас олон орны дэмжлэгийг авч сонгогдсон зэрэг ардчилал сайн засаглалыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг илтгэж байна. 
АСТОУХ-г даргалах гэж буй Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа томоохон хэлбэрүүдийн нэг болох юм.   

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ