Булган аймагт 778 иргэн 21,8 сая төгрөгөөр торгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-18 15:04:09
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хууль хяналтын байгууллага хамтран зохион байгуулсан “Хяналт шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний үеэр 778 иргэн 21,8 сая төгрөгөөр торгуулжээ.
Байгаль орчныг хамгаалах сангаас 5,8 сая төгрөгөөр санхүүжүүлэн аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа орон байрны хулгай, малын хулгай, байгаль орчин, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор сарын хугацаатай хяналт шалгалтыг хийсэн юм.
Энэ хугацаанд нийт 5866 тээврийн хэрэгсэл шалгаж, 596 зөрчил илрүүлэн, гарал үүслийн гэрчилгээ, холбогдох баримтгүй мод тээвэрлэсэн 9 тохиолдлыг илрүүлж холбогдох газарт шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна. Мөн улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан удаа дараа малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тул загас барьсан зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авлаа гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ