Хууль зөрчиж байгаа интернет кафенуудыг торгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 15:20:10

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-н хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн газраас “Цахим тоглоом” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд зохион явууллаа.

 Арга хэмжээний хүрээнд Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газруудад шалгалт хийж, зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 6 иргэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг засуулахаар хугацаатай “Мэдэгдэл”, “Шаардлага” хүргэлээ.

Илэрсэн зөрчлөөс харахад тухайн иргэд “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг судалж хэрэгжүүлээгүйгээс үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрөл аваагүй, орон сууцны нэгдүгээр болон зоорийн давхарт байрласан, насанд хүрээгүй хүүхдэд цаг хэтрүүлэн үйлчилсэн зэрэг нийтлэг зөрчил гаргасан аж.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ