Өнөөдөр хуралдах байсан ИТХ-ын ирц дахин бүрдсэнгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-12-19 13:29:52
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаан АН-ын хүсэлтээр 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл завсарлага авсан. Гэвч хурлын ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаан дахин явагдах боломжгүй нөхцөл байдал үүслээ.

Энэ талаар аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга А.Чулуунбатаас тодруулахад “12 дугаар сарын 13-ны өдөр АН-ын бүлэг завсарлага авсан. Энэ үед ИТХ-ын дарга хоёр намын бүлгийг уулзаад зөвшилцөөд ороод ир гэдэг асуудлыг тавьсан ч одоогоор намын бүлгүүд зөвшилцөлд хүрээгүй байгаа юм байна. Өнөөдөр хоёр намын бүлгээс албан тоотууд ирсэн. Тухайлбал, МАН-ын бүлгээс хуралдаанаа өнөөдрийн 09 цагт эхлүүлье гэсэн. Харин АН-ын бүлгийн зүгээс төсвийн төсөлд тойргоос сонгогдсон гишүүдийн саналыг тусгуулах, аймгийн засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх гэсэн шаардлагуудыг тавьж байна. Эдгээр шаардлагуудыг хүлээж авч, бүлгүүд зөвшилцсөн тохиолдолд АН-ын  бүлгийн зүгээс хуралд ирцээ бүрдүүлэн оролцох боломжтой гэдгээ мэдэгдсэн” гэв.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ