Хуулийн давхардлыг цэгцэлж нэг стандартад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-18 15:49:56

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага, эрх үүргийг нэлээд олон хуулиар зохицуулж байгаа хуулийн давхардал, хийдэлд хүргэдгийг цэгцлэх, нэг стандартад оруулах нь зүйтэй гэж үзэн дээрх хуулийг УИХ-д өргөн барьсан юм. Өөрөөр хэлбэл уг хууль нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нэгдсэн зохицуулалтад оруулж, ажиллагааны явцад хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилготой гэж тус хуулийн төслийн тайлбарт дурдсан. 
Мөн хуулийн төслөөр зөрчлийг гэмт хэргээс зааглан тодорхойлж, нийт 230 гаруй хуульд заасан хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй 1250 орчим зөрчлийг нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэсэн, зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтнаас харьяалан шийдвэрлэх зөрчлийг тодорхойлж, эрх хэмжээг зааглан тогтоосон байна. 
Хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүд төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй 15, найруулгын шинжтэй 25 саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Тодруулбал Шүүх байгуулах тухай хуульд заасан зохицуулалт нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгатай байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэжээ. Харин Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. Гишүүд цэц дээрх шийдвэрийг гаргахдаа тодорхой тоо баримт, судалгаа ашиглаагүй гэж шүүмжлэв.  
Өнөөдрийн хуралдаанаар түүнчлэн Иргэний хуулийн 171.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилохоор шийдвэрлэлээ. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ