Нийслэлийн шилдэг цэргийн штабаар Чингэлтэй дүүргийн цэргийн штаб шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Тайлангийн хуралд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов. НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр Нийслэлийн Цэргийн штабаас 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа “2017 оныг бид бүхэн хууль тогтоомж, сургалт, сурталчилгааны жил болгон үндсэн таван зорилтыг тавин ажилласан. Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, албан тушаалын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд цэргийн мэргэжил, албан тушаалтны сургалтыг зохион байгуулах, байгууллага ААН, иргэдэд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, цэргийн штабын албан тушаалтнуудын үлгэрлэх, манлайлах байдал, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, ажиллах нөхцлийг дээшлүүлэхээр зорилт тавин ажилласан” гэдгийг онцлов.
Тайлангийн хурлын үеэр нийслэл, дүүргийн Цэргийн штабын шилдгүүдийг тодрууллаа. Цэргийн штабын 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр Хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб шилдгээр шалгарлаа. Хурандаа А.Баттулга даргатай Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын цэргийн штаб, , хурандаа Ч.Цог даргатай Баянзүрх дүүргийн цэргийн штаб хоёр, гуравдугаар байр эзэллээ. Хурандаа Ж.Энхбат даргатай Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд бүрэн хангалттай, Баянгол дүүргийн ЗДТГ-ын цэргийн штаб ажлын байрны нөхцлийг сайжруулсан үзүүлэлтээр манлайлсан байна. Цэргийн штабын 2017 оны “Тэргүүний офицер”-оор Хан-уул дүүргийн цэргийн штабын сургалт, төлөвлөлтийн офицер Г.Жаргалсайхан, Баянгол дүүргийн ЗДТГ-ын тоо бүртгэлийн офицер ахмад Б.Батболд нар шалгарсан бол “Тэргүүний ахлагч”-аар Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабын шуурхай албаны ахлагч жолооч ахлагч Б.Нацаг шалгарч хамт олноо хошуучилсан байна.
Ж.Батсайхан