П.Цагаан:Монгол Улс төвийг сахих статустай орон болох нь 20 гаруй жилийн өмнө бий болсон албан ёсны тунхаглал

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-19 10:46:19

2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны CCTV News - World Insight нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг толилуулж байна.

Нэвтрүүлэгт П.Цагаанаас гадна БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн харьяа Олон улсын стратегийн институт болон ОХУ-ын Ази номхон далайн бүсийн судалгааны төвийн судлаачид оролцов.

Хөтлөгч:  -Та бүхэн Уорлд Инсайт нэвтрүүлэгт тавтай морилно уу. Юуны түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийж буй айлчлалын талаар ярья. Эхний асуултаа ноён П.Цагаанд тавья. Ойрын жилүүдэд Монгол-Хятад хоёр орны хоорондын харилцаа өндөр түвшинд идэвхитэй өрнөж байгаа билээ. Өнгөрсөн онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин Монгол Улсад түүхэн айлчлал хийсэн бол одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжинд ирэн хоёр орны харилцааны талаар яриа хэлэлцээр өрнүүлж байна. Үүнтэй уялдуулан асууя л даа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчалын гол зорилго юу вэ?

П.Ц:  -Тийм ээ, таны түрүүн дурдсанчлан, Си Зиньпин Ерөнхийлөгчийн өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол-Хятад хоёр орны Төрийн тэргүүнүүд Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Манай Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын гол зорилгын нэг бол энэхүү чухал баримт бичгийн заалтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг эрчимжүүлж, түлхэц өгөх явдал юм.

Хөтлөгч: -Мөн худалдаатай холбоотой асуудал айлчлалын чухал хэсэг гэж ойлгож байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

П.Ц:  -Тэгэлгүй яах вэ. Иж бүрэн стратегийн түншлэл нь эдийн засаг, худалдаа, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг олон салбарыг хамардаг тул тунхаглалд тусгагдсан ажлууд бодит үйл хэрэг, хөтөлбөр, төсөл болон хэрэгжих ёстой. Тийм ч учраас манай Ерөнхийлөгч эдгээр ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, түргэсгэх зорилготой ирээд байгаа юм.

Хөтлөгч: -Ноён Е Хайлин, энэ талаар хятадын байр суурь ямар байна вэ?

Е Х: Хятад улсын Монголын талаар баримталж буй байр суурь бусад хөрш орнуудынхтай ижил, хамтдаа хөгжих байр суурьтай байдаг. Мөн түүнчлэн манай хоёр орны хувьд эрчим хүчний байгалийн нөөцийн салбарт нягт хамтын ажиллагаатай байдаг. Хятадын хувьд Монголтой тэрхүү харилцаагаа улам бэхжүүлэх төдийгүй бусад салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтдаа хөгжин, бүс нутагтаа аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх сонирхолтой. Өөрөөр хэлбэл, Хятад Улсын хувьд Монголтой зөвхөн худалдаа төдийгүй хамтран ажиллаж болох бусад салбаруудын хамрах хүрээг тэлж, зөвхөн эдийн засгийн түншээс иж бүрэн стратегийн түнш орнууд болох байр суурьтай байна.

Хөтлөгч:  -Зөв зөв. Бид геополитикийн асуудлаар эргэж ярилцах болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгээс иш татмаар байна л даа. Тэрээр, “Си Зиньпин Ерөнхийлөгчийн бүс нутагт баримталж буй нөхөрсөг, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтран ажиллах бодлого миний бүс нутгийн талаар баримталж буй бодлогогтой авиа нэг байгаа” гэснийг ноён П.Цагаан та хэрхэн ойлож байна вэ?

П.Ц: -БНХАУ дэлхийн хүчирхэг орон болж байгаа энэ үед бид Си Зиньпин Ерөнхийлөгчийн хөрш орнуудын талаар баримталж буй хамтдаа хөгжих, эдийн засгийн өсөлтийг хуваалцах бодлогыг талархан сайшааж байгаа. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд өрнөж буй дээд түвшний уулзалтууд, айлчлал зэрэг нь мөнхийн хөршүүд болох манай хоёр орон хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллах вэ гэсэн ижил зорилгод тулгуурласан үйл явдлууд юм.

Хөтлөгч: -Гэвч эдийн засгийн болон геополитикийн түншлэл бэхжихийн зэрэгцээ илүү эрсдэл дагуулах магадлалтай. Монголын экспортын 80 хувь нь Хятад руу гардаг. Тэгэхээр энэ тэнцвэрт бус байдалд Монгол Улс санаа зовниж байна уу?

П.Ц:  -Үгүй. Хятад Улс бол манай гол хөрөнгө оруулагч бөгөөд худалдааны түнш. 25 жилийн өмнө байдал өөр байсан. Монгол Улс хуучин Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудтай илүү ойр харилцаатай байсан бол одоо хоёр улсын эдийн засгийн харилцаа илүү өргөжин тэлсэн болохоор бидний зүгээс эмээх зүйл байхгүй л дээ. Мэдээж бид хоёр хөрш болон бусад орнуудтай найрсаг сайн харилцаатай байхыг эрмэлздэг учраас манай Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар олон тулгуурт гадаад бодлого баримталж, хоёр хөрш төдийгүй бусад гурав дахь хөршүүд буюу Хойд америк, Европ болон Азийн бусад орнуудаас хөрөнгө оруулалт татах сонирхолтой байдаг. Бусад улстай худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх нь Хятадтай холбоотой хөрөнгө оруулалт, худалдааны эзлэх хувийг бууруулна гэсэн үг. Энэ бол байж болох зүйл. Харин бидний сүүлийн жилүүдэд баримталж ирсэн гадаад бодлогын үр дүнд Хятадтай хийж буй худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ эрс өссөн л хэрэг шүү дээ.

Хөтлөгч: -Хятадад нэг тийм радикал маягийн, “Монгол Хятад хоёр нэгдэх хэрэгтэй” гэсэн өнгө аяс хүмүүсийн дунд яваад байна л даа. Хятад Улс Монголын талаар дээрэнгүй хандлагатай байдаг юм уу?

Е Х:  -Үгүй үгүй. Би тэгж бодохгүй байна. Монгол бол бидний хөрш болохоос бидний нэг хэсэг биш. Хятадын хувьд тийм бодлого баримталдаггүй. Хятадын зүгээс Монголыг ижил түвшний түнш гэж үздэг. Олон нийтийн мэдээллийн сүлжээ, интернэтээр явж буй явган яриаг хүлээж авах хэрэггүй. Аль ч улсад цөөн тооны радикал, солиотой гэмээр хүмүүс байдаг, тэдний цуурхлыг төрөөс баримталдаг бодлого гэж үзэж болохгүй, ард түмний олонхийн үзэл бодол ч гэж ойлгож болохгүй л дээ. Бид Өвөрмонгол болон тусгаар Монгол Улсыг хооронд нь ялгаж салгаж үздэг. Хятадын хөрш орнуудад хандах хандлага тодорхой. Тэд бол бидний түнш.

П.Ц: -Өнгөрсөн оны айлчлалынхаа үеэр болон энэ удаагийн манай Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ч, Ерөнхийлөгч Си Зиньпин, “Хятад Улс Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал төдийгүй Монголын ард түмний хөгжлийн замаа өөрсдөө сонгох эрхийг хүндэтгэнэ” гэдгээ илэрхийлсэн. Бид Си Зиньпин Ерөнхийлөгчийн мэдэгдлийг талархан хүлээж авсан. Монгол Улс бол БНХАУ-ыг 1949 оны 10 дугаар сард байгуулагдахад нь хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг бөгөөд манай хоёр улс нэг нэгнээсээ хараат бус, эрх тэгш, найрсаг түнш.

Хөтлөгч: -Тийм ээ. Таны саяын хэлсэн зүйл Си Зиньпин Ерөнхийлөгчийн харилцан хүндлэлийн тухай үзэл баримтлалтай санаа нэг юм. За тэгэхээр одоо бүгдээрээ бас нэгэн маш чухал хөрш болох Орос Улсыг нэвтрүүлэгтээ татан оролцуулъя. Москвагаас оролцож буй ноён Сергей Санакоевтой ярилцъя. Бид сая Монгол-Хятадын илүү нягт түншлэлийн талаар ярилцлаа. Хятад Улс Монгол Улстай харилцаагаа ийнхүү улам бэхжүүлж байгаа нь Орос Улсын хувьд алдагдалтай юу?

С.Санакоев: -Мэдээж ОХУ бол БНХАУ, Монгол Улс хоёрын харилцаан дахь чухал хүчин зүйл мөн. Монгол Улс бол өвөрмөц байршилтай орон, өмнө зүгт Хятад, умард зүгт Орос хэмээх хоёр л хөрштэй гэдгийг бид мэднэ. Одоо Монгол Улсын хувьд бүс нутгийн хөгжил юу юунаас илүү чухал, гурав дахь хөршөөс ч илүү чухал байгаа. Миний ойлгож байгаагаар энэ удаагийн айлчлалын үеэр болсон хамгийн чухал уулзалт нь Монгол Улс Хятад Улстай иж бүрэн стратегийн түншлэл байгуулах, эсвэл Америкийн Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрт нэгдэн орох эсэх талаар хийсэн уулзалт байлаа. Орос Хятад хоёр энэ асуудлаар өөрсдийн байр суурьтай байгаа ба бүс нутгийн хөгжлийн түншлэлд нэгдэн орох нь Номхон далайн цаад эрэг дээр байгаа оронтой хэлэлцээрт нэгдэн орсноос дээр гэж үзэж байгаа юм.

Хөтлөгч: -Зургаан жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн Хятад-Орос-Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулган Өвөрмонголд болж өнгөрлөө. Энэ үеэр гурван орны судлаач мэргэжилтнүүд гурван орны эдийн засгийн коридорын дагуух эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлыг хэлэлцсэн бол Ерөнхийлөгч Си Зиньпин Торгоны замын эдийн засгийн бүс нутгийн асуудлыг мөн хөндөж тавиад байгаа шүү дээ. Ноён Санакоев та энэ хоёр асуудлын хамрах хүрээний талаар юу гэж бодож байна?

С.Санакоев:  -Энэ хоёр асуудал өрсөлдөх шинж чанартай гэж бодохгүй байна. Энэ талаар бид Өвөрмонголд болсон хурлын үеэр ч хэлсэн, эдгээрийн бүтэц зохион байгуулалтыг хооронд нь уялдуулах боломжтой. Энэ удаагийн эдийн засгийн чөлөөт бүсийн хурлыг Өвөрмонголд зохион байгуулсан бол цаашдын уулзалтуудыг Улаанбаатар, Хятадын бусад хотуудад зохион байгуулж, харилцан ашигтай, хоорондоо уялдаа холбоотойгоор ажиллах болно.

Хөтлөгч: -Өрсөлдөх чадвар болон хөгжлийн асуудлаар хамтын ажиллагаа ийнхүү өрнөж байгаад баяртай байна. Ноён П.Цагаан аа, танаас нэг зүйл асуумаар санагдлаа. Танай улс олон тулгуурт гадаад бодлого баримталдаг хэмээн та сая хэлсэн, харин 9 дүгээр сард танай Ерөнхийлөгч Монгол Улс байнга төвийг сахих статустай улс болох гэж буй талаар зарласан. Тэгэхээр энэ хоёр зүйл хэрхэн хоршиж байна вэ?

П.Ц: -Монгол Улс хоёр л хөрштэй, тэдэнтэйгээ сайн харилцаатай байдаг ч бусад улстай мөн л харилцаа сайтай байхыг эрмэлздэг. Дэлхий ертөнц даяарчлагдаж байгаа өнөө цагт салан тусгаарлагдмал байж болохгүй, бид гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байх ямар байдгийг түүхийн замналаасаа ойлгож мэдсэн улс. Тийм ч учраас Монгол Улс малчин, нүүдэлчин удамтай, зочломтгой ард түмэнтэй, энх тайван, найрамдлыг эрхэмлэдэг орон. 1990 оноос хойш Монгол Улсын баримталж ирсэн гадаад бодлогыг авч үзвэл төвийг сахисан байр суурьтай явж ирсэн, бид хоёр хөршөөс гадна дэлхийн бусад оронтой найрсаг харилцаатай, төвийг сахисан улс байх сонирхолтой. Би танд өөрийн улсын гадаад бодлогыг зүйрлэлээр тайлбарлая л даа. Монголчууд морьтон үндэстэн. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс өөрийн арга барилаар нэгэн морийг өсгөж иржээ, одоо түүндээ нэр өгөх үлдээд байгаа нь энэ. Байнга төвийг сахих бодлого Монгол Улсын бусад оронтой байгуулсан гэрээ хэлэлцээр, хэдийн баримталж ирсэн бодлого зэрэгтэй харшлах зүйл байхгүй. Тэгэхээр манай улсын явуулж ирсэн бодлогод үнэмлэхүй өөрчлөлт орохгүй, харин өөрийн орны гадаад бодлогод албан ёсны нэр өгч байгаа хэрэг гэж ойлгож болно.

Хөтлөгч: -Ноён Е Хайлин?

Е Х: -Миний хувьд байнгын төвийг сахих байр суурийн талаар төдийгүй яагаад улс орон тэрхүү бодлогыг баримталдаг талаар судалгаа хийж байсан л даа. Хэрэв Хятад, Орос хоёр Монголын нутаг дэвсгэр дээр хоорондоо өрсөлдөх болвол Монгол Улс хүнд байдалд орно, гэхдээ Хятад, Орос хоёрын харилцаа маш сайн байгаа энэ үед тийм аюул байхгүй. Хэрэв Хятад, Орос хоёр монголын нутаг дэвсгэр дээр америкийн эсрэг тэмцэнэ гэвэл утгагүй хэрэг. Бид яллаа гээд энэ нь утгагүй зүйл. Монгол Улс эх газраар хиллэдэг хоёр л хөрш оронтой тул АНУ Монголд цэргийн бааз байгуулж хоёр хөршийн эсрэг үйл ажиллагаа явуулах боломжгүй. Иймээс Монголын байнга төвийг сахих статус нь Монгол-Хятадын болоод Монгол-Оросын харилцаанд заналхийлэхгүй. Монгол Улсын хувьд байнга төвийг сахих статустай орон болох асуудал нь 20 гаруй жилийн өмнө аль хэдийн бий болсон бодит байдлын албан ёсны тунхаглал гэсэн үг.

Хөтлөгч: -Гэвч та Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогыг хэрхэн тайлбарлах вэ?

Е Х: -Аливаа улс олон улсын тавцанд нөлөө бүхий байр суурьтай байхыг эрмэлздэг тул Монголын хоёр хөрш Монгол Улсыг өөрийн хилээр давуулан бусад оронтой харилцахыг таатай хүлээн авна гэсэн үг. Энэ нь хамтын ажиллагааны л асуудал бөгөөд эдгээр гурван улсад хүндрэлтэй зүйл биш.

Хөтлөгч: -Монгол Улсын хувьд гурав дахь хөршийн хамгийн хүчтэй харилцаа нь АНУ-тай тогтоосон харилцаа байгаа. Ноён Санакоев, Монгол Улсын ийнхүү АНУ-тай дотно харилцаатай байгаа нь таны санааг зовоож байгаа юу? Учир нь энэхүү гурав дахь хөршийн үзэл санаа 1990 онд тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бэйкерийн Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлсэн санаа бөгөөд Хүйтэн дайны үеийн сэтгэхүйг агуулсан байдаг. Харин одоо Монгол Улс байнга төвийг сахих статустай орон болох  сонирхлоо илэрхийлээд байна. Үүнийг та хэрхэн ойлгож байна вэ?

С.Санакоев: -Миний хувьд энэ талаар арай өөр бодолтой байна. Мэдээж би аливаа орны хөгжлийн гарцууд олон байх тусмаа сайн гэдгийг ойлгож байна л даа. Гэхдээ 1990-ээд онд ноён Бэйкерийн дэвшүүлсэн гурав дахь хөршийн асуудал бол энэ бүс нутагт АНУ-ын нөлөөллийг тогтоох, Орос, Хятадын нөлөөллийг Монголд байлгахгүй гэсэн АНУ-ын сонирхлыг л агуулсан санаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэвч гурав дахь хөршийн асуудал бол бодит, жинхэнэ зүйл биш. Үүний оронд Монгол, Орос, Хятад гурав хоорондоо ойлголцож, хамтран ажилласан нь дээр. Бидэнд өөр орны зөвлөх хэрэггүй.

Хөтлөгч: -Ноён П.Цагаан та юу гэж бодож байна вэ?

П.Ц: -Надад хэлэх хоёр зүйл байна. Нэгдүгээрт, гурав дахь хөршийн бодлого нь хоёр хөршийн эсрэг бодлого биш юм аа. Төсөөлөөд үз л дээ. Хэрэв чамд ердөө хоёр л хөрш байсан бол чи гурав дахь найзтай байхыг хүснэ ээ дээ? Гэхдээ бидний хувьд гурав дахь хөрш нь АНУ төдийгүй Канад, Европ, Япон, Солонгос гээд дэлхийн бусад орнуудыг хамруулсан ойлголт юм. Хоёрдугаарт, манай Ерөнхийлөгч өнгөрсөн онд Монгол, Хятад, Оросын гурвалсан уулзалт, хамтын ажиллагааны механизм бий болгох талаар санаачилга гаргасан бөгөөд үүнийг хөрш хоёр орны маань Ерөнхийлөгч нар дэмжиж хүлээн авсан. Өчигдрийн хэлэлцээрийн үеэр манай Ерөнхийлөгч Улаанбаатарт гурван орны тэгш оролцоотой төсөл хэрэгжүүлэх судалгааны төв байгуулах санал гаргасан.

Өөрөөр хэлбэл, том хэмжээний дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, байгалийн хий, зам тээврийн гурван улсыг холбосон төсөл хөтөлбөрүүд боловсруулах замаар хамтарч ажиллах суурийг ийн тавих санал тавьсан л даа. Бид хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байж, бусад оронтой ч мөн харилцаа сайтай байхыг эрмэлздэг. Бидний хүсэл мөрөөдөл бол Монгол Улсыг дэлхийн олон үндэстэн янз бүрийн шашин, арьс өнгөөс үл хамааран зочилж, хөрөнгө оруулж, амьдарч, хамтран ажиллах сонирхолтой, энх амгалан, ардчилсан улс болох явдал юм.

Хөтлөгч: Та бүхний энд хүрэлцэн ирж нэвтрүүлэгт оролцсонд талархал илэрхийлье. 

Холбоотой мэдээ