Террористууд Норвегийн иргэнийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-19 11:31:11

ОСЛО. /TASS/. Норвегийн Ерөнхий сайд Эрна Сульберг тус улсын иргэнийг “Лалын улс” бүлэглэлийн босогчид хөнөөснийг буруушаасан мэдэгдэл хийжээ. 

Иргэнийг нь хөнөөсөн тухай хэт давруу үзэлтнүүдийн нийтэлсэн мэдээлэл үнэн эсэхийг Норвегийн эрх баригчид шалгасаар байгаа боловч тус улсын Засгийн газрын тэргүүний хэлснээр, “үнэн эсэхэд эргэлзэх шалтгаан байхгүй” байна.

“Энэ бол жигшүүртэй зэрлэг балмад гэмт хэрэг. Хэдийгээр зовлон шаналлыг авчирсан ч бид террористуудад өөрсдийгөө ялагч гэж бодох үндэслэл өгч болохгүй. Аймшигтай харгис хэрцгий бөгөөд хүнийг үзэн ядах үзэлтэй гэдгээ “Лалын улс” бүлэглэл дахин харууллаа” гэж Сульберг онцлон тэмдэглэжээ.

“Лалын улс”-ын барьцаанд байгаа Норвеги болон Хятадын иргэдийн барьцааны мөнгийг төлөөгүй учир хөнөөсөн гэх мэдээлэл тус бүлэглэлийн гаргадаг суртал ухуулгын "Дабик" сэтгүүлд лхагва гарагт гарсан байна.

Осло хотын оршин суугч, 48 настай Уле Юхан Гримсгорд-Офстад энэ оны эхээр Сирид хулгайлагджээ. Тэрбээр чухам ямар зорилгоор Сирид очсон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ