Ханиад, томуу ихэссэнээс болж цэцэрлэгүүдийг түр хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-10 17:57:14
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр захирамж гарган энэ сарын 11-нээс 19-нийг хүртэл цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо.

Чойбалсан хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт ихэсч амбулаторийн нийт үзлэгийн 18.1, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.9 хувийг эзэлж байгаа юм. Мөн БОЭТ-д 290 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 67 нь томуу, томуу төст өвчний хүндрэлээс шалтгаалан эмчлүүлж буй 0-5 насны хүүхэд байна.

Захирамжаар хүүхдийн байгууллагын орчны ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг сайжруулж, хүүхдийг витаминлаг хоол хүнсээр хангах, дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэн дархлааг дэмжих ажилд анхаарал хандуулахыг ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагуудад даалгажээ. Мөн бага насны хүүхэд нь өвчилсөн буюу 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд эмнэлгийн бичгийг үндэслэн 5 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Чойбалсан хотын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 
 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ