Нефтийн үйлдвэрийг Зүүнбаянд бус Алтанширээ суманд барихаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-15 19:19:52
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйлдвэржилтийг дэмжих, бүтээн байгуулах зорилго бүхий арваад томоохон төсөлд Дорноговь аймагтай  холбоотой хоёр төсөл багтжээ.
Нэг нь Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаянд барихаар төлөвлөсөн нефтийн үйлдвэрийг тус аймгийн Алтанширээ суманд барихаар болсон бол нөгөөх нь Замын-Үүдийн чөлөөт бүсийг яаралтай ашиглалтад оруулах зорилтыг тусгасан аж.
Уг нь нефтийн үйлдвэрийг анх Зүүнбаянд барихаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн боловч усны нөөц, дэд бүтэц, байршлыг бодолцож Сайншанд сумаас зүүн хойно 20 орчим км-т орших Алтанширээ сумын нутаг, Хар тойромын ойролцоо байгуулахаар шийдвэрлэсэн аж.
Тиймээс орон нутгаас нефть үйлдвэр барихад зориулж 150 га  газрыг олгосон байна. Мөн энэ сарын 12-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор Дорноговь аймагт ирж нөхцөл байдалтай танилцжээ.
Газрын тосны үйлдвэр барихтай холбогдуулж Монгол Улсын Засгийн газраас эхний удаа 250 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн бөгөөд ирэх зургадугаар сараас эхлэн 20 км төмөр зам, авто зам, эрчим хүчний шугамын ажлыг гүйцэтгэж эхлэх бөгөөд 2021 онд  үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсноор байнгын 600 хүний ажлын байр шинээр бий болох боломжтой гэж албаныхан үзсэн байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ