Гаалийн байгууллага орлогын төлөвлөгөөгөө 53.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-17 16:09:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гаалийн байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Зөвлөгөөнөөр тус байгууллагын 2017 онд хэрэгжүүлсэн ажил болон 2018 оны төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. ГЕГ болон түүний салбар нэгжүүд өнгөрсөн онд Монгол Улсын төсөвт 1.89 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнийг 53.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 429.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн аж ахуйн нэгжүүд гадаадад бүтээгдэхүүн экспортлоход бүрдүүлдэг байсан материалын 84 хувийг цаасгүй буюу цахим системд шилжүүлсэн бөгөөд хяналтын тоног төхөөрөмжийн хүртээмж, тоо хэмжээг 20 хувиар нэмэгдүүлжээ. Түүнчлэн өнгөрсөн онд тус байгууллагын улсын байцаагч нар  2073 хууль бус үйлдлийг илрүүлэн, 1.5 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 1.9 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар нөхөн төлүүлсэн байна.

Харин 2018 оныг тус байгууллага “Хууль ёсны худалдааг хөнгөвчилж, эдийн засгийн өсөлтийг дэмжих жил” болгон зарласан байна. Энэ хүрээнд гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ