Аймгийн хэмжээнд 9000 гаруй мал хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2018-01-18 19:40:09
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ сарын 16-ны өдрийн байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 9085 толгой мал хорогдсоноос адуу 71, үхэр 93, тэмээ 5, хонь 1844, ямаа 6510 хорогдоод байгаа тухай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв. 
Шарга суманд одоогийн байдлаар 1121 тоо толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна. Ийнхүү цаг агаарын давагдашгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байгаагаас тус сумын малчид муудсан зутарсан малаасаа 3000 гаруй малыг нядалжээ.
Өнгөрсөн зун Говь-Алтай аймгийн нийт нутгаар хур бороо бага, ургамлын гарц муу байсан учраас ихэнх сумын өвөлжилтийн байдал хүндэвтэр байна. Одоогоор нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон ба Халиун сум 15 см, Баян-Уул, Жаргалан сум 13 см, Шарга сум 8 см, Хөхморьт сум 7 см, Дарив, Эрдэнэ сум 6 см, Тайшир, Төгрөг, Тонхил сум 5 см, бусад сумд 1-5 см зузаан цастай байна. Цаашид нийт нутгаар цас нэмж орвол зудын хэмжээнд хүрч болзошгүй байна. 
Ирэх долоо хоногоос цаг агаар хүндрэх төлөвтэй байгаа учир аймгийн удирдлагуудаас  малчдыг хувийн бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулж, сумдын удирдлагуудад өвс тэжээлийн нөөцөө нэмэгдүүлэх үүрэг даалгавар өглөө.  
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ