Архины эсрэг нөлөөллийн арга хэмжээ явуулах аяны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-18 21:01:55

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Улиастайд “Хуулиа мөрдье-21” аяны нээлт боллоо. Аяныг аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтран архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хүүхэд, залуучууд, олон нийтэд нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд чиглэсэн олон талын үйл ажиллагааг явуулахаар болов.
“Хуулиа мөрдье-21” согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд хяналт тавих нөлөөллийн арга хэмжээг энэ сарын 15-аас эхлэж нэг сарын хугацаанд хэрэгжүүлэх ажээ. Аяны үеэр ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиудын хүүхэд залуучуудад архины хор нөлөөний талаарх нөлөөлөл, сургалтын ажил, зурагт хуудас тараах юм. Харин аж ахуйн нэгж байгууллагуудад насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх хуулийг чанд мөрдөн ажиллах заавар зөвлөмж өгч гэнэтийн хяналт шалгалт явуулах ажээ. Мөн архи согтууруулах ундаатай холбоотой статистик мэдээлэл, архитай холбоотой гэмт хэргийн гаралтыг бууруулахад чиглэсэн хамтарсан эргүүл хяналтыг мэргэжлийн байгууллагууд, иргэдийн төлөөлөлтэй хамтран хийх юм байна. Нэг сарын аяны нээлтэнд оролцсон байгууллагууд, иргэдийн төлөөлөл энэхүү арга хэмжээг ганц сарын хугацаанд бус цаашид нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн ажлыг иргэд олон нийтийн оролцоонд тулгуурлан хийж байх нь илүү үр дүнтэй, хүртээмжтэй болохыг зохион байгуулагчдад энэ үеэр санал болголоо.
Дашрамд Завхан аймагт өнгөрсөн онд 639 хүн эрүүлжигдэн, 221 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 1750, эрүүлжигдсэн хүн 20, баривчлагдсан хүн 166-аар тус тус өссөн дүнтэй байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ