Хөвсгөлд 70 жилийн дараа цагаан зээр орж ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-19 14:14:04
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул, Рашаант сумын нутагт энэ сарын 15-аас эхлэн Булган аймгийн Баян агт, Могод сумын нутгаар дамжин зээрийн хоёр сүрэг орж иржээ.

Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Төмөрбулаг, Арбулаг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр зэрэг суманд цагаан зээр элбэг байсан боловч 1948 оноос хойш устаж, дүрвэж үгүй болсон байна. Орж ирсэн цагаан зээрийн нэг сүрэг нь 27, нөгөө сүрэг нь 35 тооных гэнэ.  Зээрийн сүрэг орж ирсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас дээрх сумын малчдад зээрийн сүрэгтэй малаа нийлүүлэхгүй байх зөвлөмж өгч, зээрийн сүрэгт эрүүл мэндийн шинжилгээг хэрхэн хийх талаар зөвлөмж мэдээлэл авахаар БОАЖ-ын яаманд хандсан байна.
Орж ирсэн зээрийн сүрэгт ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн зээр одоогоор байхгүй байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ