Цагдаагийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-19 20:13:15
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар бүх хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулав. Гэрээний гол зорилго бол аймгийн хэмжээнд гэмт хэргийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хийж, өмнөх онд гарсан үр дүнгээ ахиулах явдал юм гэдгийг Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Т.Ганзориг  хэллээ.

Сүхбаатар аймагт үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг орон нутаг дахь сурвалжлагчтайгаас гадна тогтмол үйл ажиллагаа явуулдаг нэг сонин, гурван телевиз, нэг сайт байдаг. Хэдий хэвлэл мэдээллийн байгууллагын тоо цөөн мэт боловч энэ нь нийт хүн амдаа харьцуулахад хүрэлцээтэй гэж дүгнэгддэг. Эдгээр байгуллагуудын төлөөлөл болсон 10 орчим хүн уулзалтанд оролцов. Цагдаагийн газраас 2017 онд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хийсэн ажлын тайланг сонссон юм. Мөн Цагдаагийн газрын дарга, орлогч дарга болон холбогдох хүмүүстэй уулзаж хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, мөн тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэн түүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх боломжтойг ярилцлаа.

Цагдаагийн газраас зохион байгуулсан олон төрлийн ажил арга хэмжээ, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран хийж, үзэгч уншигчдад хүргэсэний үр дүнд аймгийн хэмжээнд танхайрах гэмт хэрэг урьд оноос 40 хувиар, бусдын биет мах бодид гэмтэл учруулах гэмт хэрэг 4,8 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг дөрөв дахин, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 11,8 хувиар тус тус буурчээ. Мөн Цагдаагийн байгуулагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болж чадсан байна.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ