Аргентины ерөнхийлөгчтэй хоёр талын харилцааны болон олон улсын асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-23 15:20:06
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри нар уулзаж, хоёр талын харилцааны болон олон улсын асуудлыг хэлэлцсэний дүнд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Аргентины төрийн тэргүүний Орост хийх анхны албан ёсны айлчлалын үеэр түүнийг Аргентины Гадаад хэргийн сайд Хорхе Фори болон тус улсын стратегийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Фульвио Помпео нар дагалдан яваа аж. Орост айлчилсныхаа дараа тэрбээр Швейцарийн Давос хотод болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, дараа нь Францад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзахаар төлөвлөөд байгаа ажээ.

Уулзалтын үеэр талууд улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт Орос-Аргентины бүх талыг хамарсан стратегийн түншлэлийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, олон улсад тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцохоор төлөвлөөд байна. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ