II сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэхгүй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-20 15:51:27

СБД-т байрлах Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

2014-2015 оны Нийслэлийн төсвөөс 1.6 тэрбум төгрөгийг энэхүү өргөтгөлд зарцуулжээ. Тус өргөтгөл ашиглалтад орсноор бага ангийн 22 бүлгийн 880 хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа юм.

СБД-ийн Засаг дарга Д.Бадарсан хэлэхдээ, “Манай дүүрэг сургуулийн насны 32 мянга, цэцэрлэгийн насны 11 мянга орчим хүүхэдтэй. Ууган сургуулийн хувьд 2400 орчим хүүхэд суралцдаг, гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсээд байсан. Тэгвэл өнөөдөр орчин үеийн шийдэлтэй, шинэ тохилог бага сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд хоёр ээлжээр хэвийн суралцах боломж бүрдлээ. Манай дүүргийн 6,7,8 дугаар хорооны хүүхдүүд энэ сургуульд сурч байна. Хотын төвийн хүн ам, нягтаршил ихтэй газарт сургуулийнхаа хажууд зөвхөн 1-5 дугаар ангийн хүүхдэд зориулсан стандартаар барьснаараа онцлогтой” гэв.

Тус сургуулийн захирал Л.Цэнгэлмаа ярихдаа, "Манай сургууль нь 1931 онд байгуулагдсан. Одоо хичээллэж буй байрандаа 1978 оноос хичээллэж эхэлсэн. Хичээлийн байрны багтаамж 1200 гаруй хүүхдэд зориулсан боловч одоогоор 2560 гаруй хүүхэд тус байранд хичээллэж байна. Гурван ээлжээр хичээллэх хүндрэлтэй байдалд байсан бол өнөөдөр хичээлийн шинэ байртай золголоо. Ингэснээр багш нарын ачаалал багасч, эцэг эхчүүд хамтарч ажиллах, сурагчдын хичээллэх орчин нөхцөл сайжирч хүүхдүүдийн сурах идэвх нэмэгдэнэ. Энэ үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн СБД-ийн Засаг дарга Д.Бадарсан, БСШУЯ, НЗДТГ болон “Машин механизм” ХХК-ийн хамт олонд багш сурагч нарынхаа өмнөөс талархал илэрхийлье" гээд нийт сурагчдад сурлагын өндөр амжилт хүслээ.

Тус сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг “Машин механизм” ХХК хийж гүйцэтгэжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ