"Сүйрэлийн цаг"-аар дэлхий сөнөхөд ердөө 2 минут үлдээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2018-01-26 11:02:56
ВАШИНГТОН. /АП/. Doomsday Clock” буюу “Сүйрлийн цаг”  гэдэг бэлгэдлийн цагийн минутын зүүг шөнө дунд болоход 30 секундээр ойртуулснаар энэ цагаар дэлхий сөнөхөд ердөө 2 минут үлдээд байна гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

Цөмийн зэвсэг, уур амьсгалын өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр хүн төрөлхтний соёл иргэншил устаж үгүй болоход улам бүр ойртсоор байна гэж АНУ-ын "Bulletin of the Atomic Scientists" буюу “Цөмийн судлаачдын эмхэтгэл” гэдэг сэтгүүлийн багийн эрдэмтэн судлаачид өчигдөр Вашингтон хотод мэдэгдэл хийх үеэрээ анхааруулжээ.
 
1953 онд АНУ болон ЗХУ устөрөгчийн бөмбөг туршсаны дараа “Сүйрлийн цаг”-ийн зүүг шөнө дунд болоход ердөө 2-хон минут дутуу болгон урагшлуулж байжээ. Харин хүйтэн дайн дууссаны дараа 17 минут болгон ухрааж байсан байна. Өөрөөр хэлбэл, хүйтэн дайнаас хойш эрдэмтэн судлаачид “Сүйрэлийн цаг”-ийн зүүг дэлхий сөнөхөд хамгийн ойртуулсан анхны тохиолдол нь энэ болж байна.

Эрдэмтэн судлаачид хэлэхдээ “Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам бүр боловсронгуй болгож, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсэг ашиглахгүй гэх газаргүй байна. Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдсээр байгаа нь “Сүйрлийн цаг”-ийн зүүг урагшлуулахад хүргэлээ” гэжээ. Мөн Д.Трамп уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрээс АНУ-ыг өнгөрсөн зун гаргаснаар дэлхийн дулааралтай тэмцэх олон улсын хүчин чармайлтад саад учруулсан нь энэ цагийн зүүг урагшуулахад нөлөөлсөн гэнэ.
 
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхийн төлөө хүчин чармайлт гаргаж, өдөөн хатгасан үйлдэл хийхээ тэвчиж, дэлхийн дулааралтай тэмцэх ажилд анхаарал хандуулахыг “Цөмийн судлаачдын эмхэтгэл” сэтгүүлийн багийн эрдэмтэн судлаачид АНУ-ын төрийн тэргүүн Д.Трампт уриалсан байна.

“Сүйрлийн цаг” гэж юу вэ?
 
“Сүйрлийн цаг”-ийн минутын зүү нь дэлхий сүйрэхэд хэр ойрхон байгааг илтгэдэг юм.

Цөмийн зэвсгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цөмийн судлаачдын эмхэтгэл” сэтгүүлийн эрдэмтдийн баг 1947 онд энэхүү цагийг бий болгож байжээ. Анхны цөмийн зэвсгийг хийхэд оролцсон эрдэмтэн судлаачид 1945 онд Чикагогийн их сургуульд энэ сэтгүүлийг үүсгэн санаачилж байсан аж.

Өнөөдөр тус сэтгүүлд дэлхийн олон улс орны физикчид, байгаль орчин судлаачид ажиллаж байна. Тэд тус сэтгүүлийн Ивээн тэтгэгчдийн зөвлөлийн гишүүд, тэдний дотор Нобелийн шагнал хүртсэн 15 эрдэмтэнтэй зөвлөлдсөний үндсэн дээр цагийн зүүг урагшлуулах эсвэл ухраах эсэхийг шийддэг гэнэ.
 
1947 онд энэ цагийг бий болгож байх мөчид минутын зүү нь шөнө дунд болоход 7 минут дутуу байжээ. Тэр цагаас хойш энэ цагийн зүүг 22 удаа урагшлуулж, ухраасан байна. 
 
Цөмийн зэвсгийн тархалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинд тулгамдаж буй аюулууд нэмэгдэх болсонтой холбоотойгоор хамгийн сүүлд 2017 онд энэ цагийн минутын зүү шөнө дунд болоход 3 минут дутуу байсныг нь 2:30 минут болгон урагшлуулж байсан юм.

Одоо энэ цагийн минутын зүү нь сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд байгаагүйгээр "дэлхийн сүйрэл"-д ойртож очоод байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ