Энхийг сахиулагчдын дунд нь орсон мэт бодит амьдралыг харуулсан үзмэрийн танхим нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-26 12:24:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн алба хаасаар 16 жил болсны ойн босгон дээр өнөөдөр Монгол цэргийн музейд шинэ үзвэрийн танхим нээх ёслол боллоо. Энэхүү танхимыг АНУ-ын Элчин сайдын яамнаас тохижуулан өгч буйгаараа онцлог юм.

"Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд тус ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр "Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд" үзвэрийн танхимыг шинэчлэн дэглэв.
Ёслолын нээлтэд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, АНУ-ын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Мануелл Миканер болон Энхийг сахиулах үйлсэд оролцсон цэргийн  албан хаагчдын төлөөлөл, Зэвсэгт хүчний 150, 084, 124 дүгээр ангийн цэрэг дайчид, Монгол цэргийн музейн ажилтнууд оролцлоо. Үзэсгэлэнгийн танхимын онцлог нь хуучин зурагт самбар байсныг өөрчлөн Энхийг сахиулагчдын алба хааж буй бодит амьдралыг харуулсан цуврал зураг, зэр зэвсэг, техник хэрэгслүүдийг байрлуулснаар амьд үзмэр болж чаджээ. Нэгэн үзмэрт үзэгчдийн анхаарлыг хандуулахад 2004 онд Иракт, 2008 онд Сьерра Леонд үүрэг гүйцэтгэж байхдаа амь наса алдсан энхийг сахиулах багийн захирагч, хурандаа Д.Наранцогт агсны хувцас өмсгөлийг хүндтэй байранд  залсан байв. Түүний гэргий цэргийн бэлтгэл дэд хурандаа, Монголын Үндэсний Их сургуулийн Хууль зүй, Удирдлагын сургуулийн захирал М.Ариунтуяа энэ ёслолд уригдан ороцов. Тэрбээр "ханийн минь гавьяаг мөнхжүүлсэнд талархал илэрхийлье" гэлээ. Монгол Улс анх 2002 онд НҮБ-ын цэргийн ажиглагчаар хоёр офицер, 2003 онд "Иракийн эрх чөлөө" дайны дараах сэргээн босголтод анх удаа мотобуудлагын ротын бүрэлдэхүүн оролцож түүнээс хойш 15 жилд давхардсан тоогоор 15000 гаруй цэргийн албан хаагч энхийн сахиулах ажиллагаанд нэр хүндтэй, олон улсад үлгэрлэсэн, онцгой үүрэг гүйцэтгэж ирсэнийг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар  онцолж байв. Мөн АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн хугацаанд энхийг сахиулах үйл ажиллагаанаас гадна нийгмийн салбарт  соёлын хөтөлбөрүүдийг ч амжилттай хэрэгжүүлж байгааг АНУ-ын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Мануел Маканер онцлон тэмдэглэв.
Монгол цэргийн музей ийнхүү Монгол  Улсын зэвсэгт хүчин дэлхий дахины энхийн үйл хэрэтг оролцож буйг газрын зурагт бодитой харуулсан гэрэлт самбар, Иракийн дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд "Чарли" баазад үүрэг гүйцэтгэсэн байдлыг тусгасан макет, харуулын болон хүч нэмэгдүүлэх байрыг дүрслэн харуулж энхийг сахиулагчдын дунд нь орсон юм шиг орчныг бүрдүүлсэн шинэ үзмэрүүд нь үзэгчдийн сонирхлыг зүй ёсоор татаж байлаа. Эдгээрийг музейн хэллэгээр үзүүллэг гэдгийг ч музейн тайлбарлагч үзэгч, зочддод тайлбарлав. "Манай музей шинэ булан, шинэ ийм үзүүллэгтэй болсон тул цэрэг эх орны хүмүүжил,боловсрол, дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагааг ойлгож,   бодит байдлыг  нүдээр үзэж, дайны болон тухайн газар орны нөхцөл дунд  орсон мэт  орчныг болголоо. Энэ нь үзэгчдэд их сонин байх болно" гэж Монгол музейн захирал, хурандаа З.Баярмагнай ярив.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ