Улс орны мэдээллийг дэлхийд түгээдэг агентлагийг онц чухал объектод тооцох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-20 18:11:53

Терроризмын зорилгоор улсын онц чухал объектуудад халдаж, эвдэж сүйтгэх, хордуулах тохиолдол олон байдаг. Харин манай улсын хувьд онцгой объектуудын хамгаалалтад хэрхэн анхаарч, террорист халдлагаас урьдчилан сэргийлэхэд бэлэн байгаа эсэх талаар Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Э.Рэгдэндагватай ярилцлаа. 

-Улсын онц чухал обьектын жагсаалтад ямар ямар барилга байгууламж ордог болон яагаад хамгаалах шаардлагатай байдаг талаар мэдээлэл өгөөч?  
- Монгол Улсын Засгийн газраас Цагдаагийн хамгаалалтад байхаар тогтоосон улс орны нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий үйлдвэр, албан газар, байгууллага, барилга байгууламжийг улсын онц чухал объект гэнэ гэж тодорхойлсон байдаг.  Тэргүүлэх чиглэлийн ач холбогдол бүхий объектуудад хүний амьдрах орчинг доройтуулж, ард түмний эрүүл мэндийг гэмтээж болох материаллаг объектууд  ордог. Жишээ нь Эрчим хүч үйлдвэрлэх байгууламж, УЦС, ДЦС, эрчим хүчний трансформаторын дэд станц, томоохон эрчим хүчний шугам, цөмийн байгууламж, цэвэр усны байгууламжууд ордог. Мөн тээвэр, галт тэрэгний буудал, театр, кино театр, их дэлгүүр гэх мэт олон нийтийн байгууллага, үзвэр үйлчилгээний газрууд орно.
Террористууд улс орны эдийн засагт томоохон хохирол учруулах, ард иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулж, нийтээр нь айдаст автуулах зорилгоор онц чухал объектод халдлага хийдэг. Тиймээс халдлагад өртсөн тохиолдолд улс орны эдийн засаг, төрийн байгууламж, олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй онц чухал объектуудыг цагдаагийн хамгаалалтад байлгадаг юм.

-Дэлхийн нийтийн хэмжээнд онц чухал объектод халдаж, хорлон сүйтгэж байсан ямар ямар тохиолдлууд байдаг вэ? 
-2013 оны судалгаанаас харахад Олон улсын хэмжээнд нийт 43 оронд 3205 террорист халдлага үйлдэгдсэн байдаг. Үүнийг объектоор нь ангилбал хүн ам олноор төвлөрсөн газарт 734, онц чухал объектод 1173, нитийн барилга байгууламжид 597, хурал цуглаан шашны байгууллагын үеэр 220, нисэх, төмөр замын буудалд 481 террорист үйлдэл гарсан байгаа юм. Халдлагад өртсөн объектуудын 37.1 хувь нь онц чухал объект. Тухайлбал ОХУ-д хоёр усан цахилгаан станц дэлбэлсэн, БНКиргиз улсад төрийн байгууллагуудын цэвэр бохир усны сүлжээг тасалж байсан.
Орчин үеийн террорист байгууллагуудын халдлага үйлдэхээр санаархдаг объектууд нь хууль сахиулах байгууллагуудын барилга, олон нийтийн байгууллагууд, удирдлагын байр, дипломат болон бусад гадаадын төлөөлөгчийн газар, улс төрийн байгууллага, нам эвсэл, бүлэг, хүчний байр болоод байна. Сүүлийн үед террористууд улс төрийн болон шийдвэр гаргах, эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтан болон өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд халдах хандлага нэмэгдээд байгаа.

-Манай улсын хувьд халдлагад өртөж байсан тохиолдол бий?
-2008 онд Дорнод нийтийн аж ахуйн усан сан руу химийн бодис хийхийг завдсан хэрэг гарч байсан. Үүнийг урьдчилан сэргийлж, таслан зогсоосон ч цаашид ийм зүйл гарахгүй гэх баталгаа үгүй.

-Террорист халдлагад өртөж болзошгүй ч хамгаалалтад аваагүй, хамгаалах шаардлагатай объектууд байгаа юу?  
-Хэд хэд байгаа. Мөн хамгаалалтын ажил ч сул байгаа объектууд байна. Тухайлбал төмөр зам, нисэх онгоцны буудал, түүнчлэн дулааны цахилгаан станц, тэдний шугам сүлжээ, хуваарилах болон мэдээлэл харилцаа холбооны салбарын байгууламж, дамжуулах  станц, шугам, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийн чухал объектуудын аюулгүй байдлыг хангах ажил хангалтгүй байгаа. Түүнчлэн Монгол Улсын холбогдох хуулиар төрийн чухал объектуудыг төрийн хамгаалалтад авахаар заасан боловч зарим объектыг иж бүрнээр нь хамгаалж чадахгүй байна. Төвийн эрчим хүчний системийн томоохон хуваарилах дэд станцууд, Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн чухал ач холбогдол бүхий томоохон уул уурхайн компаниуд, орон нутгийн ундны эх үүсвэрийн хамгаалалтууд, мэдээллийн агентлаг цагдаагийн, цэргийн харуулт хамгаалалтгүй байгааг үүний жишээнд дурьдаж болно. Тиймээс халдлагын объект терроризмын золиос болж болзошгүй Улсын онц чухал объектуудыг төр бүрэн хамгаалалтдаа авах, харуул хамгаалалтыг сайжруулах, харуулын цагдаагийн албан хаагчдыг сургаж бэлтгэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гарч байна. 
-Үндэсний хэмжээний мэдээллийн агентлагийг объектын хамгаалалтад авах  шаардлагатай гэж үзэж байна уу?
-Тийм шүү дээ. Улс орны талаарх мэдээ мэдээллийг дэлхий дахинд түгээж байгаа мэдээллийн агентлаг онц чухал объектын жагсаалтад орох ёстой. Гэтэл өнөөдөр нэг хүнээр хамгаалуулж байна гэдэг бол объектын хамгаалалт бүрэн шийдэгдсэн асуудал биш. Мэдээллийн аюулгүй байдлын үнэ цэнийг яривал хэнд ч ойлгомжтой. Тэгээд олон улсын хэмжээнд ажилладаг байгууллагын хувьд хамгаалалтаа хангах зайлшгүй шаардлагатай. 

-Тэгвэл цаашид объектын хамгаалалтыг сайжруулах, жагсаалтыг шинэчлэхэд юу шаардлагатай байна вэ? 
-Чухал объектуудыг төрөлжүүлэн ангилах шаардлага байна. Учир нь объектын ач холбогдол бүр өөр өөр. Гэмт халдлагад өртөхөд гарах хохирол ч өөр. Тухайлбал Улаанбаатар хотын ундны усны худаг руу химийн бодис хийхэд нийслэлчүүд тэр чигээрээ хордох эрсдэлтэй. Тиймээс улс чухал объектуудыг өөрийн хамгаалалтдаа авах, өндөр түвшинд объект хамгаалалтын үйл ажиллагааг явуулах, хамгаалалтын инженер техникийн хэрэгслийг орчин үеийн хамгаалалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн төхөөрөмжлөх шаардлагатай байна.  
 

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ