Шаардлагын хариу өгөхгүй бол арвуулаа нүцгэн жагсана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-30 13:03:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр МАН-ын төв байрны өмнө хагас нүцгэн жагсаж шаардлага хүргүүлсэн эмэгтэйчүүд өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийв.
 Тэд "Монголын ээжүүд, эхчүүдийн төлөөлөл өчигдөр өргүй нийгмийн төлөө, үр хойчынхоо төлөө шаардлага тавьж нүцгэн жагсаал хийсэн. 2017 оны 11 дүгээр сарын 28-нд Монголын худалдаачдын холбоо анхны их хурлаа төрийн ордон хийсэн. 7 зүйл бүхий шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн боловч хариу өгөлгүй хоёр сар боллоо. Бид шаардлагын хариуг нэхэж өчигдөр жагссан.
Бидний жагсаалыг зөвхөн ТҮЦ эрхлэгч эмэгтэйчүүд гэж ойлгоод байгаа нь буруу юм. ТҮЦ ачих гээд байгаа нь үнэн ч цаана нь Монголын Худалдаачдын холбооны эрх ашгийн асуудал байгаа. Төрийн өндөрлөгүүд яагаад бидний асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ. Худалдаачдыг яагаад орхигдуулаад байгаа юм бэ. Төр иргэдийнхээ эдийн засгийн баталгааг хангаж өгөхгүй байж ажлын байр өөрсдөө бий болгоод сууж байгаа хүмүүсийг өвлийн тэсгим хүйтэнд хөөж биднийг аргагүй байдалд хүргэж байна.  Өнөөдөр бид өргүй нийгэмд амьдармаар байна. Бүх хүн өртэй. Шинээр төрсөн хүүхэд хүртэл өртэй байна. Тиймээс өргүй нийгмийг цогцлоохын төлөө ээжүүд бид тэмцэж байна, цаашид тэмцэх ч болно.
Маргааш МАН-ын удирдлагууд биднийг хүлээж авч уулзана гэсэн хариу өгсөн. Хэрэв бидэнтэй уулзахгүй бол бид 5 биш 10-уулаа нүцгэн жагсах болно” гэлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ