Шадар сайд Ө.Энхтүвшин Цагааннуурын чөлөөт бүстэй танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-30 13:21:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын Онцгой комиссыг ахлан Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг Цагааннуурын чөлөөт бүсэд очиж танилцлаа.

Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба Баян-Өлгий аймгаас Цагааннуур тосгон хүртэл 70 км хатуу хучилттай зам, чөлөөт бүсэд мэргэжлийн албадын ажиллах, амьдрах байр, хамгаалалтын 15 км үргэлжилсэн хашаа зэргийг барьжээ. Шадар сайд Ө.Энхтүвшин эдгээр байгууламжийг үзэж танилцсаны дараа Цагааннуур чөлөөт бүсийн Захирагч А.Аманкелди түүнд хэд хэдэн хүсэлт тавьсан нь ойрын хугацаанд Цагааннуурын чөлөөт бүсийг нээх боломжийг Засгийн газраар шийдвэрлүүлэх, тус чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах гаалийн хяналтыг шийдүүлэх, хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа гадаадын компаниудад тааварт болон бооцоот тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмыг боловсруулж өгөх зэрэг байлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин чөлөөт бүсийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй зохицуулах, илүү боловсронгуй болгох шаардлагатай ямар хууль, хуулийн заалт байгаа болон тодорхой ямар санал байгаагаа бичгээр ирүүлэхийг Цагааннуур чөлөөт бүсийн захирагч А.Аманкелдид даалгалаа. Түүнчлэн Цагааннуур чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад улсын төсвөөс юу хүсэх, гадаадын хөрөнгө оруулагчдаар алиныг нь шийдүүлэх боломжтой вэ гэдгийг сайтар судлахыг Шадар сайд анхаарууллаа. Цагааннуур чөлөөт бүс нь Монгол орны баруун хойно, ОХУ-ын хилээс 28 км-т, Улаанбаатараас 1700 км-т буюу Евро-Азийг холбож буй АН-4 босоо тэнхлэгийн автозамын дагуу 708,4 га талбайд оршдог гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 
Холбоотой мэдээ