Антибиотекийг зөв хэрэглэх дэлхийн долоо хоног маргааш дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batsaikhan@montsame.mn
2015-11-21 15:31:13

Антибиотек хүний биед хэр нөлөөтэй байдаг талаар хүмүүс тэр бүр хангалттай мэдээлэл авч чаддаггүйгээс буруу хэрэглэсээр байдаг гэх дүгнэлтийг ДЭМБ-ын шинжээчид гаргасан байна. Атибиотекийг зөв хэрэглэх дэлхийн долоо хоног маргааш дуусна.

Үүнтэй холбогдуулан антибиотекийг яаж хэрэглэх талаар тодруулав. Манай иргэд юм л бол антибиотекийг хэрэглэх гэдэг муу зуршилтай болжээ. Уг нь антибиотек төрөл бүрийн янгаар үүссэн өвчнийг устгах үйлчилгээтэй. Түүнээс бус вирусээр үүссэн ханиад, томуу, суулгалт өвчнийг эдгээдэггүйг анхаарууштай. Антибиотекийг эмчийн жороор сонгож хэрэглэх чухал. Хэрэв тэгэхгүй бол дур мэдэн антибиотекийг хэрэглэснээр өвчний суурь шинж тэмдгийг оношлоход бүдэгрүүлэх аюултай. Антибиотекийн тунг хэтрүүлбэл өвчин архагших, харин ч эсрэгээрээ мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэн үржих боломжийг нэмэгдүүлэх нь ч бий. Антибиотекийг заасан хугацаагаар хэрэглэхгүй бол өвчин дутуу эмчлэгдэнэ. Өвчинд дасан зохицно. Хэрвээ антибиотект дасал болчихвол зөвхөн тэр антибиотекоо л хэрэглэхээс бус бусад эм үйлчлэхгүй болох эмгэг үүсдэг. Антибиотекийг эмчийн зааснаар халдварт өвчний үед хэмжээт тунгаар зөвлөсөн хугацааг таслахгүй уух ёстой. Хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэвэл зохино. Мөн зарим антибиотекийг хоолны дараа хэрэглэдэг. Зөвхөн тэр зааврыг баримтлах хэрэгтэй. Антибиотек таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй. Антибиотекийг болж өгвөл тариагаар бүү хэрэглэ. Зөвхөн шаардлагатай үед тариагаар хэрэглэдэг. Хөхүүл эх, жирэмсэн эмэгтэйчүүд болгоомжтой хэрэглэхгүй бол хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдгийг бүү мартаарай. Антибиотекийг хүүхэд хүрэхгүй газарт хадгалах буюу хугацаа хэтэрсэн бол хэрэглэж болохгүй. Ханиад томууны дэгдэлт ихсэж буй үед заавал антибиотек уух гэж яарах хэрэггүйг ч сануулья гэсэн зөвлөлгөөг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүлээн авах, Яаралтай түргэн тусламжийн   тасгийн  сувилагч Б.Цэцэгдэлгэр өгч байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ