Аймгуудын Засаг дарга нар ярьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-30 15:33:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, хэрэгжүүлэх чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор ЗГХЭГ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгуулж байна. Энэ үеэр аймгуудын Засаг дарга нараас өвөлжилт болон цагийн үеийн асуудлаар тодруулга авав.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд:
Эрүүл мал, эрүүл бүс гэсэн чиглэлээр хөгжинө
 
-Ерөнхий сайд өчигдөр Засгийн газраас баримтлах гурван тулгуурт бодлогын нэгийг эрүүл аюулгүй хүнс байх болно хэмээн зарласан. Энэхүү бодлого зорилттой Өвөрхангай аймгийг уях ямар боломж байна гэж харж байна вэ?

-Өвөрхангай аймаг бол МАА-д түшиглэсэн эдийн засагтай. Өөрөөр хэлбэл эдийн засгийнх нь 60 орчим хувь нь МАА-д түшиглэдэг. Тиймээс МАА-г түшиглэсэн хөгжил нь тус аймгийн хувьд хамгийн боломжит хувилбар юм. Ерөнхий сайдын дэвшүүлж буй зорилттой манай аймаг үйл ажиллагаагаа уях өргөн боломжтой. Хоёр сарын өмнө тус аймагт махны үйлдвэр ашиглалтад орлоо. Үйлдвэр ашиглалтад орсноор малчдын ахуй амьдралд ихээхэн дэм болж байна. Өнөөдрийн байдлаар өдөрт 150 бод, 350 бог нядалж байгаа ба үйлдвэрийн ажиллах хүчнийг орон нутгаас бүрдүүлээд байна. Нийтдээ 52 хүн тогтмол ажлын байртай болсон. Одоогийн байдлаар 10 хоногийн дугаарлалт үүссэн. Энэ нь малчид малаа уг үйлдвэрт борлуулах сонирхол асар их байгааг харуулж байна. Цаашдаа өдөрт 300 бод, 800 бог нядална гэж тооцоолж буй. Ирэх жил бид махны үйлдвэрээ түшиглээд элэгний нухашны үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Түүнчлэн цаашдаа эрүүл мал, эрүүл бүс гэсэн чиглэлээр хөгжлөө тодорхойлсон.

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан:
2018 оныг Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгоно

-Засгийн газраас энэ оныг Төрийн албаны сахилга батыг, ялангуяа санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Та эдийн засагч хүний хувьд энэ чиглэлд өнгөрсөн хугацаанд хэрхэн анхаарч ирэв. Ямар ажлууд хийж байна вэ?

-Засаг даргын ажлаа авсаны дараа “Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай” захирамж гаргасан. Захирамжийн дагуу тус аймаг дахь бүх шатны төрийн албан хаагчийн дагаж мөрдөх 9 зарчмыг гаргаж мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Есөн зарчмыг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг сургалтыг бүх төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан. 2018 оныг манай аймаг Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгоно. Үүнтэй холбогдуулж гуравдугаар сарын нэгэнд Сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгуулна. Зөвлөгөөнд бүх шатны төрийн албан хаагчид оролцоно. Ер нь алдаа дутагдал гаргасан, авлига хээл хахуульд холбогдсон бол хариуцлага тооцох тухай асуудал дээр Завхан аймаг нэлээн хатуу зарчим барьж ажиллаж байгаа. Өөрөө өөртөө тушаал гаргаад мөнгө авчихдаг, төсөв нь өртэй байхад урамшуулал авсан гэх зэрэг алдаа дутагдал гаргасан хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн. Төр хайрлаж ч байх ёстой, хариуцлага ч тооцдог байх ёстой. Хайр хариуцлага хоёр хамтдаа байж төрийн ажил урагш явна. Харамсалтай нь манай өнөөгийн төр хайр нь ихдээд байна. Төрийн албаны дэг жаягийг зөрчиж байгаа, түмэн олны төлөө ажиллах эрх үүргээ умартаж байгаа хүмүүстэй хариуцлагыг тооцож ажиллах ёстой гэсэн зарчмыг тус аймаг барьж ажиллах болно.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал:
Өвлийг хохирол багатай туулахаар ажиллаж байна

-Танай аймгийн хувьд өвөлжилт ямар байдалтай байна вэ. Өвс тэжээлийн нөөц хангалттай юу. Малын хорогдол хэр байна вэ?

-Нэгдүгээр сарын дундаас эхлээд өвөлжилт хүндэрсэн. Өвөлжилт хүндрэх хамгийн гол шалтгаан нь зуншлага тааруу байсантай холбоотой. Нийт нутгийн 70 хувь нь гантай, 30 хувь нь гандуу зуссан. Нөхцөл байдалтай уялдуулж өвөлжилтийн бэлтгэлийг маш сайн хангасан. Өвс тэжээлийн хангалттай нөөцтэй. Дээр нь Засгийн газраас өвс тэжээлийн нөөцөд анхаарч 500 орчим сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар аймаг улсын нөөцөд тодорхой хэмжээний өвс бий. Гэхдээ цаг хүндэрч байгаагаас малын хорогдол эхэлсэн. Одоогийн байдлаар голдуу төл мал хорогдож байна. Ер нь Засгийн газар цаг үеэ олсон шуурхай арга хэмжээнүүд авч байна. Зөвхөн манай аймагт гэхэд 580 тонн өвсийг үнэгүй, 910 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай нийлүүлсэн. Энэ нь малчдад хүрсэн маш том дэмжлэг туслалцаа болж чадлаа. Хамгийн гол нь шаардлагатай байгаа газарт нь түргэн шуурхай хүргэнэ. Үүнээс цааш хэт хүйтрэхгүй бол бага хохиролтойгоор өвлийг даван туулчих болов уу гэсэн баримжаатай ажиллаж байна.

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин:
Газрын тосны үйлдвэр барихад боловсон хүчний нөөц хангалттай 

-Тус аймгийн Алтанширээ суманд Газрын тосны үйлдвэр байгуулахаар боллоо. Одоогийн байдлаар аймгийн түвшинд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Дорноговь аймгийн Зүүнбаянд 1949-1967 он хүртэлх хугацаанд нефть олборлолт явуулж байсан. Монгол Улсын нийт хэрэгцээний 25 хувийг дотоодоосоо хангаж байв. Одоо хоёр дахь үйлдвэрийг тус аймагт барих нь тодорхой болоод байна. Засгийн газрын энэ сарын 24-ны өдрийн хуралдаанаар манай аймгийн нутагт Газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэр нь албан ёсоор гарсан. Оны өмнө Алтанширээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад 150 га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Засгийн газрын саяны хуралдаанаас мөн газрыг тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ. Тус газарт Энэтхэгийн Засгийн газрын ажлын хэсэг ирж ажилласан. Зарим шаардлагатай судалгаанууд хийгдэж байна. Зургадугаар сард багтаж төмөр зам, өндөр хүчдэл болон автозамын ажлууд эхэлнэ. Эдгээр ажилд орон нутгийн иргэд, аж ахуй нэгжийг оролцуулаач ээ гэсэн хүсэлтээ бид зохих байгууллагад уламжлаад байна. Түүнчлэн Дорноговь аймаг энэ чиглэлийн боловсон хүчний хангалттай нөөцтэй. Тус аймгийн Цагаан элсэнд 12 жилийн хугацаанд нефтийг БНХАУ руу экспортолж байна. Долоо хоногт 24 вагон нефть экспортлодог. Тиймээс нефтийн чиглэлийн боловсон хүчний нөөцтэй гэж үзэх үндэслэлтэй. Мөн үйлдвэр барих газар нь төмөр болон автозамаас 20 км зайтай, усны их нөөцтэй газар юм.

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм: 
Тайшир-Говь-Алтайн хоорондох шугамыг 110 кВт-аар нэмэх шаардлагатай

-Засгийн газраас хэрэгжүүлэх голлох ажлын нэг нь баруун аймгуудыг эрчим хүчний гачигдлаас гаргах явдал хэмээн үзэж байна. Өнөөдрийн байдлаар танай аймаг цахилгаан, эрчим хүчээ хаанаас авч байна вэ. Гачигдлаас гарах арга зам юу байж болох вэ?

-Манай аймаг 18 сум, хоёр тосгонтой. Аймаг сэргээгдэх эрчим хүч, УЦС-аас болон ОХУ-аас эрчим хүчээ татдаг. Ер нь аймгийн хэмжээнд татан авч буй эрчим хүчний хүчин чадал нь хүрдэггүй. Тэгэхээр Тайширын УЦС-аас ирж байгаа хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хэрэв тэндээс нийлүүлэх хүчин чадлыг нэмвэл эрчим хүчний дутагдал харьцангуй багасна. Одоогийн байдлаар үе үе эрчим хүч тасалддаг. Өнгөрсөн 7 хоногт гэхэд хүйтний эрч чангарснаас шугам хөлдөж эрчим хүч тасалдсан. Ерөнхийдөө эрчим хүчний хүндрэл байсаар байна. Тухайлбал, Баянтоорой, Цогт, Алтай сум эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчнээс авдаг. Энэ нь байгалийн уур амьсгал, нөхцөл байдалтай хамааралтай байдаг. Одоо гэхэд нар олон хоног халахгүйгээс аккумялтор муудсанаас шөнөдөө унтарч байна. Иймд Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллах үеэр Тайшир-Говь-Алтайн хоорондох шугамыг 110 кВт-аар нэмэгдүүлж өгөх хүсэлтээ илэрхийлсэн.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ