Гэмт хэргийг үйлдсэний дараа илрүүлэх биш урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн амжилттай болж өндөрллөө. Зөвлөлгөөнд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхаарал хандуулж илгээлт ирүүлсэн. Сургалт, зөвлөгөөнийг хаж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв. тэрбээр "Дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхийн тулд нэгдмэл санаа зорилго, нэг бодлого, шийдвэртэй, нэг баг болон ажиллаж үр дүнд хүрэх ёстой. Үүнд удирдах ажилтнуудын манлайлал, идэвх, санаачилга чухал" гэдгийг онцоллоо. Мөн удирдах ажилтнууд алба хаагчдадаа үлгэр дуурайлал болж, зарчимч, шударга, хуульч ажиллагаагаар манлайлан, тэднийг идэвхжүүлж, урам зориг өгч, дэмжиж ажиллан, гэмт хэргийг үйлдсэний нь дараа их хүч хөрөнгө зарцуулж илрүүлэх биш, харин урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах ёстойг анхаарууллаа. Түүнчлэн Цагдаа, дотоодын цэргийн байгууллага бүр үйл ажиллагаандаа дэвшилтэт техник технологи, холбоо, мэдээллийн нэгдсэн систем, цахим сан, программ хангамжийг өргөнөөр нэвтрүүлж ашиглах, боловсронгуй болгох, алба хаагчдаа сургаж, мэргэшүүлэх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр өөрт байгаа нөхцөл, бололцоогоо дайчлан санаачилгатай ажиллахыг үүрэг болгов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд "...Төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хууль дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн, хараат бус, нээлттэй, ил тод, улс төрөөс ангид, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг мөрдлөг болгож чадсан үйлдэл бүр Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд оруулах онцгой хувь нэмэр байх болно. Монголын ард түмний хууль, шударга ёсны тогтолцоонд итгэх итгэл нь Та бүхний эх орноо гэсэн сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, хууль зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байх ёс зүй хандлагаас тань шууд хамааралтай гэдгийг онцлон хэлье. Өнөөдөр нийгэмд шударга ёс алдагдаж, хуулийн засаглал хүчгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ гажуудлыг засаж залруулах, шударга ёсыг сахиулахад монгол төрийн төлөө тангараг өргөсөн цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн тулах тулгуур, найдах гол хүчин байх ёстой" гэж дурдсаныг цагдаа, дотоодын цэргийн удирдлагуудад өгсөн үүрэг гэдгийг ч санууллаа. Тиймээс тогтмол өсөн нэмэгдэж байгаа хулгайлах, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулахыг анхаарууллаа. Сургалт, зөвлөгөөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав дотоодын цэргийн алба, нэгж, анги, байгууллагын удирдах ажилтнуудтай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулснаар өндөрлөсөн юм.
Ж.Батсайхан