Тээврийн хэрэгслийн татварыг онлайнаар төлөх боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-01 14:50:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг өнгөрсөн сарын 2-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.   
Үүнтэй уялдуулж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, авто тээврийн хэрэгсэл эзэмшигчид ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргийг төлөх боломжтой. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой аж.

Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах юм. Тус хэвлэсэн тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдэгийг бүрэн орлох юм.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, “Иргэд өмнө нь төрийн үйлчилгээг авахын тулд маш их дугаарладаг, татварын газарт нэхэмжлэх бичүүлээд, банкинд мөнгөө тушаасны дараа тамгаа даруулдаг байсан. Одооноос эхлэн татвар төлбөрөө хоёрхон минутанд багтаан шийдвэрлэдэг боллоо. Цахимаар татвар төлбөрөө төлсөн иргэд тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээн дээрээ ямар нэгэн тамга тэмдэг даруулах шаардлагагүй”  хэмээв.

Д.Сарантуяа


Холбоотой мэдээ