Цахим гэмт этгээдээс сэрэмжлэхийг Тагнуулын газраас анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-05 14:54:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тагнуулын ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон телефон, гар утас  хэрэглэгчдэд гадаадын аль нэг улсын дугаараас үл мэдэх  дуудлага ихэслээ. Уг дуудлагыг хүлээн авснаар “One ring scam” гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байна.
Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай тул дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг хүргэж байна. Юуны өмнө дуудлага хүлээн авахаас өмнө бүсийн кодыг шалгах,
-Ихэнх 3 оронтой бүсийн кодууд олон улсын дуудлагад холбогддог гэдгийг анхаарах;
-Хэрэв та олон улсын дуудлага хийх шаардлагагүй бол өөрийн утасны оператор компанид хандаж олон улсын дуудлага хийх эрхийг хаалгах;
-Таны утсанд ирсэн танил бус гадаад дугаарын дуудлагад эргүүлэн залгаж болохгүйг анхаарах. Учир нь таны утасны төлбөр(1 мин нь 9-19,95$) өндөр гарах эрсдэлтэй.  Цахим гэмт этгээдүүд дийлэнхдээ Беларусь /375/, Их Британы Виржин арлууд /284/, Гренада /473/, Antigua /268/, Доминикан /809/, Латви /371/, Ямайка /876/ зэрэг улсын кодыг ашиглан дуудлага хийж байгааг анхааруулж байна.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ