МАХН-ын удирдлагууд их чуулгантай холбоотой зөрүүтэй байр суурь илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-08 15:01:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын II их чуулган болох гэж байгаатай холбогдуулан тус намын дэд дарга С.Ганбаатар тэргүүтэй удирдлагууд өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян энэ үеэр, "Их чуулган буюу эрх барих хамгийн дээд байгууллагын хурал хоёр өдөр үргэлжилнэ. Өнөөдөр бол МАХН-ын Бага чуулганы хуралдаан болж их чуулганы бэлтгэлийг хангуулж байна. Их чуулганы хуралдаанд 1044 хүн оролцоно. Монгол Улсын бүх сум, тосгон дүүрэг, хорооноос МАХН-ын анхан шатны байгууллагууд хуралдаж төлөөллөө их чуулгандаа илгээж байгаа. Их чуулганаар МАХН-ын мөрийн хөтөлбөр, үндсэн дүрмийг шинэчлэн баталж, шинэ Үндсэн хуулийн төслийг их чуулганы төлөөлөгчдөөр батлуулна. Түүнчлэн Бага чуулган, Хяналт ёсзүйн хороо, МАХН-ын даргыг сонгох юм" хэмээн ярилаа.


Мөн үүнтэй зэрэгцээд “Монгол ньюс” мэдээллийн төвд МАХН-ын хэсэг гишүүд хэвлэлийн бага хийж, маргаашийн хурал хууль бус хэмээн мэдэгдэв. МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, "Намын II Их чуулганыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд хийсэн. Гэтэл чуулганд оролцсон намын гишүүд өөрсдийн итгэл үнэмшил, шударга сонголтынхоо төлөө маш хүнд байдалтай нүүр тулах болсон. Н.Энхбаярын гар хөл болсон хүмүүс намын гишүүдийн гэрт нь очиж айлган сүрдүүлж, мөнгө төгрөгөөр татах гэсэн оролдлогыг тасралтгүй явуулж байгааг эсэргүүцэж байна гэв.
О.Мөнхжаргал
Гэрэл зургийг Т.Чимгээ, Н.Батбаяр

Холбоотой мэдээ