Мал сүргээ эрүүлжүүлсэн амжилтыг нь үнэлж улсын аваргын эрхэм шагналыг хүртээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-12 13:40:21
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Зах зээлийн өнөөгийн нөхцөлд үнэхээр ажиллаж чадвал сайхан амьдарч болдгийг бусаддаа өөрийн хөдөлмөрөөрөө харуулж яваа залуу малчин Б.Балжинням Монгол Улсын аварга малчны цолны шагналаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гараас хүлээн авлаа. Тэрээр малынхаа өвөлжөө, хашаа, худагны тохижилт, өөрийн уйгагүй хөдөлмөрч зан чанараараа гол усныхандаа үлгэр дууриал болж яваа нэгэн юм.
20 гаруй жил мал маллаж байгаа удам залгасан малчин Б.Балжиннямын богийн сүрэг нь цэвэр баяд омгийн хонь, Баяндэлгэрийн улаан ямаа, адуун сүрэг нь Тэсийн голын угшилтай ажээ. Тэрээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, амьдралын түвшин доогуур айл өрхийг малжуулахад онцгой анхаарч сумынхаа 9 өрхийг туслах малчнаар ажиллуулан сар бүр 300-400 мянган төгрөгийн цалин олгохын зэрэгцээ өвлийн хүнсэнд нэг бод, сар тутам нэг богийг хүнсний хэрэгцээнд нь зориулан өгдөг байна. Тэрээр сүүлийн гурван жилийн хугацаанд дээрх өрхүүдэд 35 бод, 370 гаруй толгой мал тасалж өгч малжуулжээ.
Эднийх жилд 800-2200 кг махыг Улаанбаатар, Дархан-Уул болон өөрийн орон нутгийнхаа иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж, зуны цагт 50 үнээг саалинд хамруулан өдөрт 250 литр сүүг “СҮҮ” хувьцаат компанид нийлүүлдэг байна. Мөн жилд 20 гаруй сая төгрөгийн борлуулалтыг зөвхөн өөрийн мал аж ахуйгаас хийдэг гэлээ. Түүнчлэн малчин хүний хамгийн эрхэм зүйл болох малаа эрүүлжүүлэх ажлыг маш сайн гүйцэтгэдэг бөгөөд жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд малаа бүрэн хамруулж, тарилга туулгыг цаг тухай бүрт нь хийлгэн эрүүлжсэн мал сүрэгтэй малчин болжээ. 
Залуу малчин Б.Балжиннямын Монгол Улсын аварга хэмээх эрхэм цолны шагналыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн ХХААГ-ын Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны дарга Н.Хурц нар улаан халзтай таван ханатай гэрийн хамт энэ сарын 11-ний бямба гарагийн амралтын өдрөөр гардуулан өглөө.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ