Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-08 15:18:54

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай буюу байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг томилох асуудлыг хэлэлцэв.

Ц.Оюунбаатар 1977 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Иванов хотын их сургууль, 1994 онд Москва хотын их сургуулийг хуульч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн Эрх зүйн болон бизнесийн магистр, доктор цолтой.

Тэрбээр, 1977-1979 онд Дорноговь аймагт сум дундын прокурор, 1984-1986 онд Завхан аймгийн прокурорын орлогч, 1986-1990 онд Завхан аймгийн прокурор, 1990-1992 онд Улсын прокурорын ерөнхий хяналтын газрын дарга,1992-2008 онд Удирдлагын академид ахлах багш, дэд профессор, 1999-2000 онд "Талх чихэр" ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Улмаар 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын дарга, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд Улсын татварын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2012 оноос МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар 2014 оны 12 дугаар сар хүртэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилласан.

Ц.Оюунбаатар нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлж, танхимын зарчмаар ажиллах чадвартай. Мөн удирдан зохион байгуулах чадвар өндөр тул Сангийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлж байна хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэр дэвшигчийн танилцуулгадаа дурьдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд МХЕГ, Оюуны өмчийн газар, ОБЕГ, Стандарт хэмжил зүйн үндэсний газар, ШӨХТГ үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгуулагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, гацаанд орсон Мэргэжлийн хяналтын тухай хуулийн төслийг шийдвэрлэх хэрэгтэй. Стандартын тухай хуулийг боловсруулж дууссан. Тиймээс яаралтай өргөн барих нь зөв.  Түүнчлэн Монгол Улсад оюуны өмчийг хэрхэн хамгаалдаг талаар гадаадад сурталчлах ёстой. Ингэснээр гадаадын үйлдвэрлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, бүтээгдэхүүн нийлүүлэх боломж нэмэгдэнэ. Мөн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс тоног төхөөрмжийг нь шинэчлэхэд анхаарахыг хүсч байна” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд