200 малчин өрхөд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-28 16:15:56
Дархан-Уул /МОНЦАМЭ/. МУЗН-ээс Дархан, Шарын гол сумын 200 малчин өрхийг олон улсын хүмүүнлэгийн тусламжид хамруулахаар болсон ажээ.
Монгол Улсын нийт нутгаар хүйтэрч, цас их орж цагаан зудтай учир Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран малчдад туслах аяныг эхлүүлэх гэж байна. Үүний хүрээнд гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сангаас Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сумын 200 малчин өрхөд хүнс болон малын эрдэс, тэжээлийн тусламж үзүүлэхээр болжээ. Хоёр сумаас тус бүр 100 малчин өрх хамрагдах бөгөөд харьяа багуудаар нь дамжуулан тухайн өрхүүдийн бүртгэл, судалгааг хийж дууссан байна.

Бүртгэл мэдээлэлд үндэслэн 16 хүртэлх насны 3 дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 60 наснаас дээш харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16 наснаас доош  5 хүүхэдтэй гэр бүл болон 200 хүртэлх малтай өрхийг сонгон авсан байна.

Малчдад хүрэх тусламжийн талаарх мэдээллийг өнөөдөр МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн багийн ахлагч С.Намсрайжав, Дархан-Уул аймгийн УЗХ-ны дарга Б.Отгонбаяр нар Дархан сумын удирдлагуудтай болон тусламжид хамрагдах малчидтай уулзаж танилцууллаа.

Малчдад үзүүлэх эрдэс, тэжээлийн багц бүхий тусламж гуравдугаар сарын эхээр ирнэ гэдгийг МУЗН-ийн Үндэсний гамшигтай тэмцэх багийнхан мэдэгдсэн.

Дашрамд малчдад хүрэх хүмүүнлэгийн тусламжинд хамрагдах мал бүхий иргэд малчдыг сонгохдоо Олон улсын  Улаан загалмай, Улаан хавиргаан сар хөдөлгөөний 7 үндсэн зарчмыг баримтлан улстөржилтөөс ангид, ил тод, нээлттэй, шударга зохион байгуулахыг үүрэг болгосон ажээ.
 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ