Рэндал Шрайвер:Монгол Улс Ази төдийгүй дэлхийн энхтайваны тогтвортой байдалд үнэтэй хувь нэмэр оруулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-01 11:12:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/ АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй асуудал эрхэлсэн дэд сайд Рэндал Шрайвер Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж хоёр орны Цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай хэлэлцээрийг танилцуулах ёслол өнөөдөр Батлан хамгаалах яаманд болов.
АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рэндал Шрайвер Монгол улсад энэ оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 2 хүртэл айлчилж байна. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзан хоёр орны  Цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай Монгол Улсын БХЯ, АНУ-ын БХЯ хоорондын хэлэлцээрийг танилцууллаа. Батлан хамгаалахын дэд сайд Дуламдорж "Хоёр орны хооронд Цэргийн албан хаагчдын болон гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болсон нь манай цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд тустай чухал хэлэлцээр боллоо" хэмээн уг хэлэлцээрийн ач холбогдлыг өндөр үнэлэв.
АНУ-ын Батлан хамгаалахын Ази- Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рэндал Шрайвер "Танай оронд айлчал хийх хугацаанд намайг найрсгаар зочлон угтсан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон Монгол анд нөхөддөө талархал илэрхийлье. Хоёр орны Батлан хамгаалах салбарын түншлэлд АНУ тууштай хэвээр байх нь аль аль талдаа чухал ач холбогдолтой  бөгөөд нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхол дээр суурилсан гэдгийг би онцлон тэмдэглэмээр байна. Бидний хэн хэн нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт амар амгалан, тогтвортой байх нь ашиг тустай, үүнийг батлан хамгаалахын аюулгүй байдлын салбар дахь илүү ойр дотно хамтын ажиллагаагаар олж авч, мөн хадгалж чадна  гэж итгэдэг. Монгол Улс бол Ази тивд төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд боломжоосоо хавьгүй их хувь нэмэр оруулж буй ардчилсан, амар тайван орны жишээ юм. Та бүхэн бусад улс үндэстнүүдэд үлгэр дууриал болж байгаа шүү. Монгол Улсын зэвсэгт хүчин Африк тивийн Судан, Баруун Сахар, Конго, Өмнөд Судан улсад явж байгаа НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд дэмжин оролцож ирсэн, үргэлжлүүлэн оролцож байгаа гарамгай хувь нэмрийг АНУ үнэлж байна" хэмээн онцлов.Мөн 2002 оноос хойш Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмэр нь Монгол Улс, танай ард түмний нэр хүндийг өргөж байна. Энэ жил "Хааны эрэлд" олон улсын хамтарсан сургууль 16 дахь жилдээ болно. Өнгөрсөн жил 25 орны 1000 гаруй цэргийн албан хаагч оролцсон. Энэ бол асар том амжилт" гэлээ.
Рэндал Шрайвер нь 20 гаруй жилийн өмнөөс Монгол Улстай хамтын ажиллагаагааг дэмжин ажиллаж байжээ. Тэрбээр АНУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд цэргийн атташей байсан бөгөөд ажил хэргийн болон хувийн шугамаар олон удаа  Монгол оронд ирж байв. Тиймээс ч АНУ, Монгол Улсын дипломат харилцааны 31 дэх жилийн хугацаанд хоёр улсын харилцаанд өөрийн хувь нэмэр,  тодорхой орон зайтай болсон хүн гэхэд болохоор аж. Тэрбээр "Монгол орны гоо үзэсгэлэн миний сэтгэлийг ямагт татсаар ирсэн. Монгол оронд  айлчлал хийх хугацаанд халуун дулаан угталт, андын сэтгэл гадаах хүйтэн цаг агаарыг ч үл ажрахаар байдаг" хэмээв. Өнөөдөр Монгол Улсын зэвсэгт хүчний 233 албан хаагч Шийдэмгий дэмжлэг ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгааг ч дурдав. 2003 оноос хойш НАТО болон эвслийн орнуудын хүчин чармайлтыг дэмжин Афганистанд явуулж буй Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй, үлгэртэй оролцсоор ирснийг АНУ сайшааж байдгийг ч дуулгалаа.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ