"Хаврын бүргэдийн баяр" өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-04 07:43:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилго бүхий "Хаврын бүргэдийн баяр" арга хэмжээ өнөөдөр "Чингисийн хааны хүрээ" жуулчны баазад эхэлнэ.

Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа буюу намар Баян-Өлгий аймагт, хавар Улаанбаатар хот орчимд зохион байгуулдаг уламжлалтай юм.

Өнөөдөр бүргэдээр ан хийх, Көкпар буюу тулам булаацалдах тэмцээн эхлэх юм.Бүргэдээр ан хийх тэмцээнд Н.Айшолпан, Д.Айгерим, Р.Нургайв, Б.Далайхан нарын 20 бүргэдчин оролцохоор бүртгүүлсэн байна. Харин маргааш Хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулахаас гадна бүргэдээр ан, тулам булаацалдах, газраас зоос шүүрэх тэмцээний шилдгүүдийг тодруулна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ