Хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-06 11:57:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-аас өдөр бүр "Өнөөдрийн сэрэмжлүүлэг" өгч байгаа билээ. Өчигдрийнх хүн гудамжинд осолдохоос сэргийлсэн бол Өнөөдрийнх "Мотоциклийн дугуй хагарч осолдсоноос жолооч гэмтсэн" мэдээлэл байна.

Орон нутгийн замд мотоцикльтой хөдөлгөөнд оролцож буй иргэд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж зорчоогүйн улмаас зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарч байна.

Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “ГССҮТ-д мотоциклиос унаж гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн дуудлага ирсний дагуу шалгахад Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн, 28 настай, эрэгтэй О нь алдуул малаа хайж яваад мотоциклийн дугуй нь хагарсны улмаас осолдож гэмтсэн байна. Тэрбээр яаралтай хагалгаанд орж биеийн байдал сайжрах төлөвтэй.

Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мотоциклийн ослын улмаас жолооч, зорчигч нь нас барах эсвэл тархи, нуруу нугасандаа хүнд гэмтэл авдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиуд нь манай орны нөхцөл байдалд тохирохгүй буюу асфалтан замд унаж хэрэглэх зориулалт бүхий хайлшин обудтай нь зам тээврийн осол гарах эрсдлийг үүсгэдэг. Иймд хамгаалалтын малгай хэрэглэж занших, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ