“Монголын эзэнт гүрний түүх” таван боть ирэх онд уншигчдын хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2018-03-07 16:08:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон Түүхийн тэнхимээс “Степпе паблишинг” хэвлэлийн газартай хамтран “Монголын эзэнт гүрний түүх” таван боть номын төслийг хэрэгжүүлэх санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар энэ үеэр, “МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим хамтран 2016 онд “Монголын эртний түүх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн оны хоёрдугаар сард таван боть хэвлэгдэж, БСШУСЯ-ны Шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарч байв. Санамж бичгийг үзэглэснээр уг номын үргэлжлэл болох дунд үеийн түүхийн таван боть хэвлэгдэх бололцоо бүрдэж байна" гэв.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал, "Өнөөгийн бидэнд улс үндэстнийхээ түүхийг орчин үеийн онол аргазүйн үүднээс сурвалж бичиг, судалгаа шинжилгээний баялаг хэрэглэгдэхүүнд тулгуурлаж, үнэн бодитойгоор туурвиж бичих шаардлага тулгарч байна. Төслийн гүйцэтгэх багт Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн перс, араб, хятад, армян, латин хэлтэй түүхч судлаачид ажиллахаар болсон нь суурь судалгааны цогц бүтээл туурвих боломжийг бүрдүүлсэн" хэмээн ярьлаа.

Энэхүү төслийн үр дүнд тэргүүн боть- Их Монгол Улс, дэд боть- Юань гүрэн, гутгаар боть- Алтан ордны улс,
дөтгөөр боть- Цагаадайн улс, тавдугаар боть- Ил хаант улс гэсэн таван цуврал ирэх онд хэвлэгдэж, уншигчдын хүртээл болно. Тэдгээр цувралыг “Степпе паблишинг” хэвлэлийн газар санхүүжүүлэх бөгөөд судалгаатай холбоотой зардлыг МУИС-аас гаргах аж.
Д.Сарантуяа

Холбоотой мэдээ