Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хэрэг дахин гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцад хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийгээд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай, 34 настай, эмэгтэй А нь тус шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ хоёр ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийснийг тогтоожээ. Өнгөрөгч хоёрдугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хуурамч 20 мянгатаар гүйлгээ хийсэн, гуравдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч 10 мянгатын дэвсгэртээр үйлчлүүлсэн хэргийг харьяалах цагдаагийн хэлтэст шалгаж буй.
Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулинд заасан. Иймээс иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Ж.Батсайхан