Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн нэрэмжит яруу найргийн наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-14 12:25:37
Хэнтий /МОНЦАМЭ/ Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2018” уралдаан боллоо. 

Энэ жилийн наадмыг Монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолын нэрт төлөөлөгч, Д.Нацагдоржийн шагналт Д.Содномдоржийн мэндэлсний 90 жилийн ойг угтаж, их зохиолчийн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог байв.

Хүүхэд багачуудыг монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцаж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх, туурвих урлагт сургах нь уг наадмын гол зорилго аж. 

Тэмцээний шүүгчдээр Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн Хэнтий аймаг дахь “Хэрлэн тооно” нэгдлийн тэргүүн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, Харнууд Д.Гансүрэн, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, “Тольдсуу” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч, яруу найрагч С.Ган-Эрдэнэ нар ажиллалаа.
Наадамд 15 сумын 18 сургуулийн  41  өсвөрийн яруу найрагч авъяас билгээ сорин өрсөлдсөнөөс:
Дунд насны ангилалд:
            Тусгай байр:              О.Саранцэцэг  / ТЦС 8б/
            3-р байр:                     Э.Золбоо   /Хэрлэн 1, 6в/
            2-р байр:                     А.Номин-Эрдэнэ  /Баян-Овоо/
            1-р байр:                     М.Өсөх-Ирээдүй       /Батширээт 9а/
 
Ахлах насны ангилалд:
            Тусгай байр:              Г.Нандинцэцэг     /ХХЦС  12в/
            3-р байр:                     Б.Анударь             /ТЦС 10г/
            2-р байр:                     Д.Сайханпүрэв     /Бэрх 12а/
            1-р байр:                     Б.Цэрэнбямба       /ХХЦС 10б/ нар тус тус хүртлээ.
 
Мөн наадмын хүрээнд Хэнтий аймгаас төрөн гарсан алдарт зохиолчдын нэрэмжит шагналуудаар оролцогч хүүхдүүдийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж шагнадаг уламжлалтай. Наадамд ирсэн 35  шүлэгчдийн бүтээлээс:
  1. Батширээт сумаас төрөн гарсан төрийн соёрхолт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит  “Онон хатан ижий” шагналаар Хан Хэнтий ЦС-ийн сурагч Б.Цэрэнбямба  “Нэг литр нулимс” номоороо  
  2. Мөрөн сумаас төрөн гарсан хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн нэрэмжит “Боролдой” шагналаар Хэрлэн нэгдүгээр сургуулийн 6б ангийн сурагч Э.Золбоо “Миний шүлгүүд” номоороо
  3. Дархан сумаас төрсөн гарсан төрийн соёрхолт, яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай” шагналаар  Батширээт сумын сурагч М.Өсөх-Ирээдүй “Нарны зүг шатаар” номоороо
  4. Биндэр сумаас төрөн гарсан ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит “Хонгорзул” шагналаар Мөрөн сумын сурагч А.Мөнх-Эрдэнэ “Чимээ” номоороо тус тус хүртсэн байна. Номын нэрэмжит шагналыг зохиолчдын төрсөн нутаг, төрөлх сургууль, үр хүүхдүүд нь ивээн тэтгэж олгодог уламжлалтай. Наадмыг ивээн тэтгэгчээр “Сод Номун” ТББ ажиллаж, тэргүүн байранд шалгарсан сурагчдад дурсгалын зүйл гардууллаа. 
 Д.Одонтунгалаг
 

Холбоотой мэдээ