Улсын дугаарын тэмдгийг тээврийн хэрэгсэлд лацдаж бэхэлдэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-14 17:11:41

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтсээс Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор баталсан "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" стандартын талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал улсын дугаарын тэмдэгтийн серийн дугаар нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн засаг захиргааны харьяалалаар ялгаатай байсныг өөрчлөн улсын хэмжээнд нэгдмэл болгосон байна. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд анх бүртгэгдэн олгосон улсын дугаар нь тухайн тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдах хүртэл солигдохгүй, эзэмшигч өөрчлөгдсөн ч улсын дугаар өөрчлөгдөхгүй юм. Түүнчлэн улсын дугаарын тэмдэг дэх MNG ялгах тэмдгийг MGL гэсэн ялгах тэмдэгээр сольсон. Улсын дугаарын тэмдэг бүрт тухайн дугаарын тэмдгийг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, үйлдвэрлэсэн огноог QR кодоор багтааж өгнө хэмээн заажээ. 
Серийн дугаарт “А, В, Д, Е, К, М, Н, Р, С, Т, У, Ү, Х” гэсэн 13 үсгийг ашиглана. Ингэснээр олон улсын тээвэрлэлтэд оролцоход тухайн улсад танигдахгүй байдал үүсэхгүй. Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслээр олон улсын, бүс нутгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох боломжтой болно хэмээлээ. Мөн улсын дугаарын тэмдгийг тухайн тэмдгийг үйлдвэрлэгч тус тээврийн хэрэгсэлд бэхлэн лацдаж өгнө. Ингэснээр хуурамч дугаар хэрэглэх, хулгайд алдагдах, хяналт тавих зэрэгт ач холбогдолтой юм хэмээн аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв. Уг стандартыг 2018 оны нэгдүгээр сарын 3-нд улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд  энэ оны долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөх юм байна. 

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ