Аймгийн удирдлагууд хаваржаа руугаа нүүж буй малчдаа эргэж тойрлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-15 12:15:13
Увс /МОНЦАМЭ/.  Улаангом, Сагил, Түргэн сумын нутагт энэ сарын 12-13-ны өдрүүдэд 10-20 см цас нэмж орсноор дээрх сумдын нүүдлийн айлууд болон хаваржилтын нөхцөл байдалд хүндрэл үүсээд байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат болон Сагил сумын удирдлага, сумын ЭМТ-ийн эмч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өчигдөр тус сумын малчдыг эргэж, эм, эмнэлгийн тусламж үзүүлэн хаваржилтын нөхцөл байдалтай танилцжээ.
 
Үүнээс гадна аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Нэгдсэн эмнэлгийн Арьс, харшлын тасгийн эрхлэгч С.Гэрэлмаа, ХХААГ-ын Нян судлаач эмч Б.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өчигдөр Тариалан, Өмнөговь сумдын нүүдлээр яваа малчдыг эргэж, эм, эмнэлгийн болон эд материалын тусламж үзүүлж, цаг агаар, хаваржилтын нөхцөл байдалтай танилцжээ. Тариалан сумын Бургастай, Мянган баг, Өмнөговь сумын Холбоо, Орлого багийн малчид нүүдлийн зам дагуу Тэмээн чулуун, Бургастай, Аараг, Морьт, Их шар бүрд, Тошилт, Тэнүү, Сүүж гэсэн газруудаар нүүж орж ирж байгаатай тэд тааралдсан байна. Нүүдлийн зам харьцангуй цас багатай ч өвс муутай тул хол газар туугдсан мал эцэж сульдаж байгааг малчид хэлсэн байна. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан өвс тэжээлийн нөөцөөс тодорхой хэмжээний өвсийг үнэгүйгээр, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгохоо энэ үеэр малчдад хэлжээ.
Өнөөдрөөс дээрх сумдын малчдын нүүдлийн замд гэр штаб гаргаж, өвс тэжээл хуваарилах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар боллоо. Аймгийн ЗДТГ-аас нүүдлээр яваа малчдыг эргэж тойрох, нэн шаардлагатай байгаа зүйлсээр туслахыг нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандан уриалж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ