Нефтийн үйлдвэр рүү зорчих авто замын чиглэлийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-15 14:32:01
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж Сайншанд сумаас баруун хойд зүгт Алтанширээ сумын нутагт баригдах нефть боловсруулах үйлдвэр хүртэл үйлдвэрийн зориулалттай тээвэр хийхэд зориулсан авто замын трассыг баталлаа.
Энэ нь Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас Алтанширээ сумын нутаг хүртэлх 18.8 км авто замын чиглэл юм. Батлагдсан авто замын чиглэлийг 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах арга хэмжээг авч ажиллахыг аймгийн ГХБХБГ, Сайншанд, Алтанширээ сумын Засаг дарга нарт тус тус даалгажээ.
Засгийн газраас нефтийн үйлдвэрийг Алтанширээ сумын нутагт барихаар шийдвэрлэсэн бөгөөд ирэх зургадугаар сараас эхлэн 20 км төмөр зам, авто зам, эрчим хүчний шугамын ажлыг барьж эхлэх аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ