Завханы төрийн албан хаагчид өөрсдийн баримтлах зарчмаа баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-19 18:15:56

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт төрийн албаны удирдах ажилтны анхдугаар зөвлөлгөөн болж  “Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчим”-ыг хэлэлцэж баталлаа. Ийнхүү Завханы төрийн албан хаагчид хариуцлагатай, хүнд сурталгүй, иргэдтэй ойр, тэдний санаа бодлыг сонсдог, шударга, авлигаас ангид, төрийн залгамж халааг хадгалах, багаар ажиллах, манлайлал, өөрийгөө байнга хөгжүүлэх, шуурхай, цаг хугацааг баримтлах, гүйцэтгэлийн хяналтыг байнга тавих гэсэн 9 зарчмыг мөрдөн ажиллахаа тангараглаж баталжээ.
Энэхүү зарчмыг төрийн албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлж ажиллахаар болсон байна. Завханд төрийн 216 байгууллагад 5783 төрийн албан хаагч ажилладаг байна. Эдгээр төрийн албан хаагч бүр гурваас таван айл өрхийг хариуцан, иргэдийнхээ санал бодлыг сонсож, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гүүр болон ажиллаж эхлээд дөрвөн сар болж байна. Завхан аймгийн төрийн алба, төрийн албан хаагчид ард иргэддээ хүнд сурталгүй, түргэн шуурхай, шударга үйлчлэх, иргэдээ тогтмол сонсдог болох ёстой. Төрийн албан хаагч нь төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойр байж хүргэх учиртай хэмээн Завханы Засаг дарга Д.Батсайхан зөвлөлгөөний үеэр онцоллоо. 
Орон нутагт анх удаа болж буй зөвлөлгөөнд 24 сумын 300 гаруй төрийн албаны удирдах албан тушаалтан оролцож аймгийн ЗДТГ болон Монгол Улсын ЗГХЭГ, Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг урилгаар оролцож төрийн албаныханд мэдээлэл өгсөн байна. Орон нутагт анх удаа зохион байгуулж буй энэхүү зөвлөлгөөн нь төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлан, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагыг өндөржүүлэн, удирдах ажилтнуудын манлайллыг дээшлүүлж, Төрийн албаны стандартын хэрэгжилтийг бүх түвшинд жигд хангуулж ажиллах зорилготой ажээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ