С.Баярцогтын Швейцарь дахь банкны 1,85 сая ам.долларыг битүүмжилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-20 11:40:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ройтерс агентлагийн иш татсанаар Швейцарийн дээд шүүх Рио Тинто корпорацид Оюутолгой төслийг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банкин дахь түүний данснуудын үлдэгдэл 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан тухай мэдээлж байна.
Швейцарийн Прокурорын ерөнхий газар Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг дээрх битүүмжилсэн данснуудын аль нэгээр дамжуулан 10 сая ам.доллар шилжүүлэн авсныг тогтоосон байна. АТГ Англи-Австралийн уул уурхайн корпораци Рио Тинтогийн Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогтыг авлигын хэргээр шалгаж байгаа. Швейцарийн Дээд шүүхийн тогтоолд Рио Тинто Оюутолгой төслийн хүрээнд 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий гүний уурхайн бүтээн байгуулалт явуулж буй тухай дурдсан боловч Рио Тинтог ямар нэгэн байдлаар буруутгаагүй байна. Швейцарийн Прокурорын ерөнхий газар С.Баярцогтын авлигын хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд Рио Тинто корпорацийн төлөөлөгч ч мөн адил тайлбар өгөхөөс татгалзжээ. Харин Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой Ройтерс агентлагийн сэтгүүлч холбогдох гэсэн боловч утсаа аваагүй, мессежид хариу өгөөгүй гэнэ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Швейцарийн Прокурорын ерөнхий газар Монгол Улсын Засгийн газрын экс гишүүнтэй холбоотой авлигын хэргийг 2016 оноос эхлэн мөрдөн шалгаж байгаа юм байна. Прокурорын дүгнэлтээр С.Баярцогт Монгол Улсын Сангийн сайдаар томилогдсон 2008 оны есдүгээр сард Швейцарийн банкин дахь дээрх дансаар дамжуулан 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан байна.

Швейцарийн дээд шүүх энэ хэргийг авч хэлэлцээд “Монгол Улсын сангийн сайдаар томилогдсон даруйдаа ийм их хэмжээний мөнгө шилжүүлэн авна гэдэг маш сэжигтэй хэрэг” хэмээн үзжээ. Мөн Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч мэдэгдэхдээ тус байгууллага С.Баярцогттой холбоотой олон хэргийг шалгаж байгааг дурдсан байна. Швейцарийн Холбооны шүүхийн дүгнэлтэд Рио Тинто шиг гадаадын том корпорацид уул уурхайн том төслүүдийн хувьцааны  хяналтын багцыг олгосонд Монгол Улсын Засгийн газар, улс төрчдийг буруутгаснаас гадна шүүхийн тогтоолд “С.Баярцогтын гарын үсэг зурсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ямар ч ашиггүй гэдэг нь олон зүйлээр тодорхой байна” гэжээ. 2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын Швейцарийн банкинд данстай тухай илчилсний дараа тэрбээр Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас огцорсон юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ