Хэрлэн-Говь, Орхон-Говь төслүүдийг эхлүүлэх нэн шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2018-03-20 12:57:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын санаачилгаар Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг гуравдугаар сарын 22-ны өдрийг угтан “Монгол Улсын усны нөөц, ашиглалт, хамгаалалт, усны бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр нээсэн бөгөөд "Энэ өдөр дэлхийн бүхий л улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж байгаа усны талаарх бодлогын хэрэгжилтээ дүгнэх, цаашид баримтлах бодлогодоо шинэчлэл хийх, бодлогын хэрэгжилтээ эрчимжүүлэх асуудлыг олон талаас нь хэлэлцэх учиртай. 
Монгол Улсын хөгжлийн бодлогод усны бодлогын асуудал томоохон байр суурь эзэлсээр ирсэн. УИХ-аас баталсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Ус үндэсний хөтөлбөрт усны эх үүсвэрийг хамгаалах, хүн амын болон бэлчээрийн усан хамгамж, үйлдвэрлэлийн хэрэгцээний усан хангамж, хот суурин газрын усан хангамжийг сайжруулах цогц асуудал зэрэг бодлогын олон зорилт тусгагдан хэрэгжиж байна" хэмээсэн юм. 

Монгол Улс нэг хүнд ногдох усны хэрэглээ, хүрэлцээтэй байдал, ундны усны эрүүл ахуйн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын жагсаалтад дундаж байрыг эзэлж байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад нэг хүн хоногт 200-250 литр ус хэрэглэж байгаа бол манай улсын орон сууцны иргэд хоногт 140-160, гэр хорооллын иргэд 7-10 литр ус хэрэглэж байна гэсэн судалгаа бий.

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын улмаас говийн бүс нутагт усан хангамжийн дутагдал үүсч байна. Иймээс энэ хэлэлцүүлгээр усны бодлогоо эргэн дүгнэж үзэх, цаашид баримтлах бодлогодоо ямар тодотгол, өөрчлөлт хийх шаардлагатай вэ, ямар асуудалд онцгой анхаарах ёстой вэ гэдгийг тус хэлэлцүүлгээр хөндөж байгаа юм. 

Хэлэлцүүлгийн үеэр БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар Хэрлэн-Говь, Орхон-Говь зэрэг томоохон төслүүдийг эхлүүлэх шаардлага тулгарч байгааг онцолж байв. "Монгол бол уур уурхайд түшиглэсэн орон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн төслүүд говийн нутагт байгаа. Зэс хайлуулах үйлдвэрийг Оюу Толгойд түшиглэн байгуулах тогтоол шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэтэл зэс хайлуулахын тулд 300 л/сек ус шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан. Мөн Тавантолгойн нүүрс угаах үйлдвэрт ДЦС-ын усны хэрэглээ, Сайшандын аж үйлдвэрийн паркт байгуулах Газрын тосны үйлдвэрт усны хэрэглээ нэлээд шаарлагатай байна. Тиймээс эхний ээлжинд Бор хөөвөрийн говийн усыг ашиглах боломжтой боловч алсдаа гадаргын ус ашиглах шаардлагатай. Хэрлэн болон Орхон голын урсацын тохируулга хийж, хоёр хөрш оронтойгоо ойлголцсон тохиолдолд Монгол Улс томоохон үйлдвэрүүдийн усан хангамжийг шийдвэрлэх бүрэн боломжтой" хэмээж байв. 

БХБЯ-ны мэргэжилтэн Б.Оюунчимэг "Манай улс бүх хэрэглээнийхээ 80 хувьд гүний усыг ашигладаг. Гадаргын усыг ашиглаж байсан тохиолдол бараг байхгүй. Тиймээс газрын гадаргын усыг ашиглах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. "Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Төсөл нийт 323 сая ам.долларын төсөв өртөгтэй учир санхүүжилтын асуудал хүндрэлтэй байгаа" хэмээн тодотгож байлаа. 

ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Батмөнх, Монголын хур тунадасны хэмжээсээр харахад хуурай бүсэд ордог, бороо хуртай үе гурван сар байдаг бол ууршилтын хугацаа долоон сар болж нэмэгдсэнийг онцолж байв. Сүүлийн 70 жилийн судалгаагаар манай улсын цаг агаар 2.24 хэм дулаарсан. Усалгаатай тариалалтыг нэмэгдүүлснээр хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой хэмээж байлаа. 
 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ