А.Аманкелди: Цагааннуурын чөлөөт бүсэд 2011 оноос хойш улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-26 09:47:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын 2005 оны 74 тоот тогтоолоор Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт "Цагааннуур" чөлөөт бүс байгуулах тухай шийдвэр гарч, хөрөнгө оруулалт 2008 оноос хийгдэж эхэлсэн билээ. Тус чөлөөт бүсийн өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар чөлөөт бүсийн захирагч А.Аманкелдитэй ярилцлаа.

- УИХ-аас Цагааннуурын чөлөөт бүс байгуулах тухай шийдвэр гараад 13 жил өнгөрлөө. Одоо уг чөлөөт бүсийг нээх ажил хэр зэрэг урагшилж байна?

- Цагааннуурын чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт 2008 оноос хийгдэж эхэлсэн байгаа. Одоогоор тэрбум 360 сая төгрөгийн ажил хэрэгжсэн. Үүнд 705 га газарт харуул хамгаалалтын хашаа баригдаж, төрийн өмчийн компаниудын балансаас шилжиж ирсэн хэдэн барилгыг засаж сэлбэсэн л байдалтай байна.
  
 - Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч байна?

 - Турк Улсаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна. Уг асуудал жилийн өмнөөс хөндөгдөж эхэлсэн. Саяхан УИХ-ын даргын тус улсад хийсэн ажлын айлчлалын үеэр төрийн удирдлагуудын түвшинд бас дорвитой яригдлаа. Үүний араас Монгол-Туркийн Засгийн газар хоорондын комиссын хурал дээр чөлөөт бүсүүдийн тухай санамж бичиг байгуулагдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг Цагааннуурын чөлөөт бүсэд хийх тухай ярьсан юм. Бидний хувьд өөрсдийн боломж бололцоогоор чөлөөт бүсийг ойрын хугацаанд нээх чиглэлээр ажиллаж байна. Одоогоор зургаан аж ахуйн нэгжид газар олгосон. Дубайн хөрөнгө оруулалттай худалдаа наймааны чиглэлийн нэг компани газраа аваад үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Долоо хоногийн өмнө архи, тамхи зэрэг бараа бүтээгдэхүүн борлуулах "DUTY FREE" дэлгүүрээ бариад дуусгалаа.

- Турк Улс аль чиглэлд хөрөнгө оруулахаар болсон вэ?

- Цагааннуур чөлөөт бүсийн ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө болон мастер төлөвлөгөөг хийж өгөх, дэд бүтцийн ажлуудад хөрөнгө оруулах саналтай явж байгаа. Гэхдээ одоогоор саналын түвшинд явж байгаа учраас хөрөнгө санхүүгийн талаар ярихад эрт байна. 

 - Одоогоос хэдэн жилийн өмнө Канадын компаниуд хөрөнгө оруулах санал тавьсан гэж чөлөөт бүсийн тухайн үеийн удирдлагууд мэдэгдэж байсан. Энэ асуудал юу болсон вэ?

 - Канад-Монголын хамтарсан компани Цагааннуур чөлөөт бүсэд хамгийн том буюу 100 га газар эзэмшиж байгаа. Тус газарт тээвэр ложистикийн төв, үйлдвэрлэл, үйлчилгээний парк, худалдааны төв байгуулахаар төлөвлөсөн. Одоохондоо хөрөнгө оруулалт нь гүйцэд орж ирээгүй, газрын төлбөр болох 56 сая төгрөгийг улсад тушаагаад байна. Эдийн засгийн болон улс төрийн зарим шалтгаануудын улмаас ажил нь хойшлогдсон. Энэ хавраас ажлаа эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

 - Тулгамдаж буй ямар бэрхшээлүүд байна?

 - Нэгдүгээрт, дэд бүтцийн асуудал байна. Хоёрдугаарт, мэргэжлийн байгууллагуудын хоорондох уялдаа холбоо муу байгаа. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газартай бид нар хэл амаа ололцож чадахгүй байна.

 - Ямар асуудлаар ойлголцолд хүрээгүй вэ?

 - Цагааннуурын чөлөөт бүс үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд гаалийн хяналт шалгалт заавал орсон байх ёстой. Тодорхой шалтгаануудын улмаас гаалийн хяналт шалгалт орж чадахгүй байна. Шалтгаан гэхээс илүү шалтаг гэж бид хараад байгаа.

 - Гаалийн газар ямар шалтаг, шалтгаан яриад байгаа юм бэ?

 - Чөлөөт бүсийг бүрэн камержуулах, сүлжээнд хамруулах шаардлагыг тавьсан. Бид өөрсдийн бололцоогоороо камержуулалт, гэрэлтүүлгийн асуудлыг шийдсэн ч үүнийг стандартын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа. Уг асуудлыг цаашид засаж сайжруулахаар ажиллаж байна.

 - Цагааннуурын чөлөөт бүстэй холбоотой энэ жилийн улсын төсөв, дараа жилийн төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан санхүүжилт байна уу?

 - Манай чөлөөт бүсэд 2011 оноос хойш улсын төсвөөс бараг хөрөнгө оруулалт хийгдээгүй. Энэ жил мөн адил байгаа. Харин 2019 онд цахилгааны шугам, зам талбай, гэрэлтүүлгийн ажлуудыг улсын төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжаар хийхээр төлөвлөөд байна.

 - Тус чөлөөт бүсийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэхийн тулд хэчнээн хэмжээний хөрөнгө шаардагдаж байна?

 - Конторын барилга, цахилгаан, зам талбай гээд нийтдээ 5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө шийдэгдвэл чөлөөт бүсийн ажил жигдрээд явах боломжтой.  

 - Чөлөөт бүсийн хашаа гэж том объект байна. Энэ хашааны харуул хамгаалалтын асуудлыг яаж шийдэж байна?

- Чөлөөт бүс бол хуулиар улсын онц чухал объектын жагсаалтад ордог. Тийм учраас хамгаалалтын асуудлыг төр бүрэн хариуцдаг юм. Одоо дотоодын цэргийн хамгаалалтад байгаа.

 - Танай ажлын албанд өнөөдөр хэчнээн хүн ажиллаж байна?

 - Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд 16 хүн ажилладаг. Үүнээс захиргааны болон хөрөнгө оруулалт хариуцсан 7-8 хүн Улаанбаатар хотод, дэд бүтэц, аж ахуй хариуцсан хүмүүс Баян-Өлгийд ажиллаж байгаа.

 - Цагааннуурын чөлөөт бүсийг бүрэн утгаар нь төдөн онд нээнэ гэсэн төлөвлөгөө байна уу?

 - Дэлхийн жишгээр хөгжүүлэхэд нэлээн хугацаа шаардагдана. Гэхдээ гаалийн асуудал шийдэгдвэл өөрсдийнхөө боломж, бололцоогоороо маргааш ч ажиллахад бэлэн байна.  
 

Ө.Нурболат


Холбоотой мэдээ