84 мянган иргэнийг ажлын байртай болгох шинэ төсөл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-26 12:55:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудыг шинээр ажлын байр бий болгох, түүнийгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Дэлхийн банкны 25 сая ам.долларын тусламжаар 2017 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү хүрээнд бичил бизнес эрхэлж буй залууст зээл олгох, МСҮТ төгссөн залууст багаж, тоног төхөөрөмжийг зээлээр олгох зэрэг ажлыг зохион байгуулах аж. Мөн төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр нөлөөг сайжруулах, амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой иргэдийг ажилд зуучилах, бичил бизнесээ эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах аж. Төсөл 2021 он хүртэл хэрэгжих бөгөөд энэ хугацаанд нийт 84 мянга 900 иргэнийг ажлын байртай болно хэмээн тооцоолжээ.

ХНХЯ-наас ядуурал, ажилгүйдлийг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэх, шинэ ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд 53.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөр  хэрэгжүүлж,  48.3 мянган иргэн хамруулсан гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцууллаа.

Тэрбээр, “2018 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажилд зуучлах үйлчилгээний чанарыг сайжруулах, ажлын байрны захиалгын нэгдсэн бүртгэлийг хийх, хувиаараа болон өрхийн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилт тавин ажиллана. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд өнөөдөр нээлтээ хийж буй төсөл томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай хуулиар аж ахуйн нэгжид 20 сая, иргэнд 10 сая төгрөгийн зээлийг бага хүүтэй олгодог. Энэ төслийн хүрээнд ч дээрх хуулийн заалтын дагуу аж ахуйн нэгж, иргэдэд зээл олгох юм” гэлээ.

Монгол Улсад бүх салбарын цалин, хөлс бага байгаагаас үүдэн хөдөлмөрийн зах зээл хумигдаж байна хэмээн Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон төслийн нээлтийн үеэр онцлов.

Мөн тэрбээр, “0-3 насны хүүхдээ асарч буй ээж, их сургууль төгссөн ч ажилд орж чадахгүй байгаа залуусыг дэмжихэд энэ төслийн гол зорилго оршиж байна. Монгол Улсад хувиараа бичил бизнес эрхлэгчид олон байдаг ч хангалттай орлого олж, тоног төхөөрөмжөө шинэчилж чаддаггүй. Тиймээс эдгээр хүмүүсийг дэмжих зорилгоор бичил зээл олгох юм. ХНХЯ болон Дэлхийн банк олон жил нягт хамтран ажиллаж ирсэн. Олон жилийн туршлагадаа тулгуурлан энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлн гэдэгт итгэлтэй байна” гэв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ